Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгааг баг бүрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон ашиглах хугацаа зэрэг нэгдсэн мэдээлэлд үндэслэн тооцоолон гаргалаа. Судалгааны дүнгээс үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд өвөл-хаврын бэлчээр хүрэлцээтэй байгаа бол үлдсэн 50 орчим хувьд даац хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна. Наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн үргэлжилсэн бол 40 гаруй хувьд гантай болон гандуу байжээ.
Бэлчээрийн даацын нөхцөл байдал ба аймаглан гарсан дүн
Нэгдсэн дүн мэдээгээр нийт нутгийн 32.3 хувьд бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувьд хүрэлцээтэй байна. Харин бэлчээрийн даац 1–3 дахин хэтэрсэн нутаг 29.8 хувийг эзэлж байгаа бол 8.3 хувьд 3–5 дахин, 9.1 хувьд олон дахин хэтэрсэн ачаалалтай гарчээ.
Аймгуудын түвшинд авч үзвэл Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим нутаг болон Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдад зуншлага оройтсон, гантай болон гандуу байснаас бэлчээрийн даац олон дахин хэтрээд байна.
