Ард түмний гавьяат, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Лувсаншаравын Содномдоржийн нэрэмжит “Нарны заллагатай Айраг-2026” яруу найргийн наадам аравдугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Айраг сумын Соёлын төвд болно.
Гурав дахь удаагаа зохион байгуулж буй тус наадам нь Монголын яруу найргийн өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн авьяасыг дэмжих, яруу найргаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой.
18 яруу найрагч өрсөлдөнө
Энэ удаагийн наадамд нийт 18 яруу найрагч оролцоно. Тэдний:
- 15 нь бусад аймаг, орон нутгийн яруу найрагч
- 3 нь Айраг сумын уран бүтээлч байх юм.
Наадам гурван үе шаттай үргэлжилж, оролцогчдын бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлэн шалгаруулна.
Тэргүүн байрын шагнал 1.5 сая төгрөг
Наадмын шагналын санг дараах байдлаар тогтоожээ.
- Тэргүүн байр — 1.5 сая төгрөг
- Дэд байр — 1 сая төгрөг
- Гутгаар байр — 500 мянган төгрөг
- Тусгай байр — 12 яруу найрагч тус бүр 100 мянган төгрөг
Шалгарсан уран бүтээлчдэд мөнгөн шагналаас гадна өргөмжлөл гардуулна.
Л.Содномдоржийн уран бүтээлийн өвийг түгээнэ
Наадмыг яруу найрагч Л.Содномдоржийн хүү С.Лхамхүү, охин Мишээлт Содномдорж, Айраг сумын Засаг дарга Г.Сүхбаатар, ахмад багш, ажилтан Жаргал Шагж, Айраг сумын Соёл, спортын төв, Ерөнхий боловсролын сургууль болон шавь Атарцэцэг Дааганчулуун нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
“Нарны заллагатай Айраг-2026” наадам нь Л.Содномдоржийн уран бүтээлийн өв, сургаал номлолыг хойч үед өвлүүлэхийн зэрэгцээ яруу найрагчид, уншигчдыг нэг дор цуглуулж, монгол хэл, уран зохиолын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ.
