АНУ-ын Лас-Вегасын шүүх рэппер Тупак Шакурыг 1996 онд буудан хөнөөсөн хэрэгт Дуэйн “Киффи Ди” Дэвисийг гэм буруутайд тооцож, 40 жилийн хорих ял оноожээ. Ингэснээр бараг 30 жилийн өмнө гарсан уг хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.
Тупак Шакур 1996 онд автомашинтай явж байхдаа буудуулж, улмаар амиа алдсан юм. Дэвис нь уг хэрэгт яллагдан шүүхээр орсон цорын ганц хүн бөгөөд тухайн үед түүнтэй хамт байсан гэх бусад гурван хүн аль хэдийн нас баржээ.
Шүүгч: “Хүний амийг хөнөөчихөөд юу ч болоогүй мэт явж болохгүй”
Ялын тогтоолыг танилцуулах үеэр шүүгч Карли Кирни Дэвисийн өмнөх мэдүүлгүүдийг дурджээ.
Тэрбээр “Би танаас бүтэн 3 жилийн хугацаанд нэг зүйлийн олон янзын тайлбар сонсож ирлээ. Та “Тиймээ, би энэ хэрэгтэй холбоотой. Гэхдээ би одоо өөр хүн. Би өнгөрснөөсөө салсан. Би одоо өвөө болсон” гээд л яриад байлаа. Танд хүнийг гэр бүлээс нь салгах эрх байхгүй. Та хүний амь насыг хөнөөчихөөд юу ч болоогүй юм шиг явж болохгүй” гэж хэлсэн байна.
2019 оны намтар дахь мэдээлэл хэрэгт анхаарал татжээ
Дэвис “South Side Compton Crips” бүлэглэлтэй холбоотой байсан бөгөөд Тупакийн ойр байсан “Mob Piru Bloods” бүлэглэлтэй сөргөлддөг байсан гэж хэргийн материалд дурддаг.
Тэрбээр 2019 онд хэвлүүлсэн намтартаа Тупак Шакурыг буудсан хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй зүйлс бичиж, бууг халдагчдад өгсөн, мөн тухайн автомашинд хамт явж байсан тухайгаа өгүүлсэн байна. Мөн Тупак түүний хамаатантай зодолдсоны дараа хариу арга хэмжээ авахаар шийдсэн талаар бичжээ.
2023 онд баривчлагдсан
Дуэйн Дэвисийг 2023 онд баривчилсан. Шүүх ажиллагааны үеэр тэрбээр намтартаа мөнгө олохын тулд худал зүйл бичсэн гэж мэдүүлж, хэрэгт оролцоогүй гэсэн байр суурь илэрхийлж байжээ.
Гэсэн ч шүүх нотлох баримтуудыг хэлэлцсэний эцэст түүнийг Тупак Шакурын амийг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож, 40 жилийн хорих ял оноосон байна.
