Пентагоны хүний нөөцийн өргөн хүрээний мэдээллийн сан хакердуулсны улмаас 3 сая гаруй ажилтны нууц мэдээлэл задарсан байна. Энэ тухай ABC News мэдээллээ.
Цэргийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, мэдээллийн алдагдалд одоо амьд сэрүүн байгаа 2.76 сая хүн, мөн амиа алдсан болон нас барсан 294 мянган хүн өртжээ.
Хакеруудын гарт орсон мэдээлэл дунд Нийгмийн хамгааллын дугаар (SSN) болон эрхэлж буй албан тушаалын талаарх мэдээллүүд багтаж байна.d
“2025 оны аравдугаар сараас 2026 оны долоодугаар сарын хооронд Батлан хамгаалах яамны Хүчний нөөцийн мэдээллийн төвийн (Defense Manpower Data Center, DMDC) мэдээллийн системд цөөн тооны зөвшөөрөлгүй хэрэглэгчид нэвтэрч, хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандсан. Системийн аюулгүй байдлын цоорхойг илрүүлсний дараа DMDC уг асуудлыг нэн даруй арилгасан” гэж тус байгууллагын төлөөлөгч мэдээлэв.
Тус байгууллагын эзэмшилд 60 гаруй сая ажилтны хувийн хэрэг хадгалагддаг болохыг тэмдэглэжээ. Энэ хооронд задарсан мэдээллийг зориулалтын бусаар ашигласан гэх ямар нэгэн нотлох баримт одоогоор олдоогүй байна.
Өнгөрсөн долоо хоногт ShinyHunters хакерын бүлэглэл Холбооны мөрдөх товчооны одоогийн болон ажилтан асан мянга мянган хүний нууц мэдээллийг хулгайлснаа зарласан юм.
Хакерууд FBI-д ажилд орох горилогчдын мэдээллийг байршуулдаг онлайн порталыг хакерджээ. Хулгайлагдсан мэдээлэлд Нийгмийн хамгааллын дугаар, ослын үед холбогдох хаяг, хувийн оршин суух хаягууд багтсан байв.
CNN телевизийн эх сурвалжийн мэдээлснээр, Хятад, Орос болон бусад чиглэлээр ажилладаг FBI-ийн нууц хэлтсийн ажилтнуудын мэдээлэл алдагдсан байна.
Хакердлагын цар хүрээ нь сөрөг тагнуулын салбарт ноцтой түгшүүр дагуулж байна.
Олон эх сурвалжийн мэдээлснээр, хулгайлагдсан хувийн нарийн мэдээллийг өмнөх кибер халдлагуудын үеэр задарсан бусад мэдээлэлтэй нэгтгэн, чухал албан тушаал хашиж буй агентуудыг илрүүлэхэд ашиглаж магадгүй гэж эрх баригчид эмээж байгаа аж.
Баасан гарагт FBI ажилтнууддаа уг хэрэг явдлын талаар цахим захидал илгээж, ажилтнууд болон тэдний гэр бүлийн аюулгүй байдлыг хангах амлалтаа дахин баталгаажуулжээ.
FBI мөн өртөж болзошгүй хүмүүст сэрэмжлүүлэг хүргэж, сонор сэрэмжтэй байж, сэжигтэй дуудлагад хариулахгүй байхыг зөвлөсөн байна.
ABC News-ийн мэдээлснээр, сануулгын дагуу ажилтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй харилцах ёсгүй аж.
