Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, Монголын тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний өнөөдрийн барилдаанд Монголын гурван жүдоч хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ.
Энэ нь Л.Энхрийлэнгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн гурав дахь медаль болж байна. Мөн Монголын жүдочдын ДАШТ-ээс авсан нийт 34 дэх медаль, үүнээс 21 дэх хүрэл медаль болжээ.
Монголын жүдочдын ДАШТ-ий анхны медалиуд
Монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аваргын анхны хүрэл медалийг Д.Баттулга 1989 онд хүртэж байв. Мөн онд О.Балжинням ДАШТ-ий анхны мөнгөн медалийг Монголд авчирсан байна.
Харин Монголын жүдо бөхийн анхны дэлхийн аварга 2009 онд төрж, Х.Цагаанбаатар алтан медаль хүртжээ.
