УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, шинэ даргаа сонгожээ. Бүлгийн 42 гишүүнээс 41 нь санал хураалтад оролцож, УИХ-ын гишүүн Б.Түвшин 24 санал авч бүлгийн даргаар сонгогдсон байна. Түүнтэй өрсөлдсөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 17 гишүүний санал авчээ.
“Бүлгийг эв нэгдэлтэй байлгахад анхаарна”
Хурлын дараа АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр Б.Түвшин цаашдын үйл ажиллагааныхаа талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Ардчилсан намын бүлгийг эв нэгдэлтэй, цул байлгахдаа анхаарна. 42 гишүүнийг хүчтэй сөрөг хүчин байлгахад анхаарна. Бүлгийнхээ гишүүдийн үзэл бодлыг нэг бодлого дээр зангидаж, тодорхой үр дүнд гаргахад чиглэнэ” гэжээ.
Мөн УИХ-ын гишүүд улс орны эдийн засаг, аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан бодлого баримтлах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгчийн захиалгаар нэр дэвшсэн гэх мэдээллийг үгүйсгэв
Б.Түвшин бүлгийн даргад нэр дэвшсэн үйл явц хэн нэгний захиалгаар явагдаагүй гэж мэдэгдэв.
Тэрбээр “Ардчилсан намын бүлгийн даргад нэр дэвших процесс хэн нэгний захиалгаар явагдаагүй. Дотоодод яригддаг хэл ам болохоос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захиалгаар нэр дэвшээгүй” гэжээ. Ингэснээр Б.Түвшин УИХ дахь АН-ын бүлгийн шинэ даргаар сонгогдлоо.
