Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сүүлийн үед суурьшлын бүсэд баавгай олноор үзэгдэх болсон нөхцөл болон авч буй арга хэмжээний талаар тайлбар өглөө.
Түүний хэлснээр, баавгайтай ажиллахад шаардлагатай багаж, унтуулагч буу зэрэг тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагааг энэ сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Яам шууд худалдан авалт хийхгүй”
Ц.Сандаг-Очир “Бид олон улсын үнэ ханшийг судалж байгаад худалдан авах ажиллагааг оруулж ирсэн. Энэ сарын 16-нд худалдан авах ажиллагааг хийнэ. Багаж, унтуулагч буу зэрэгт шаардлагатай төсвийг тавиулах нь миний үүрэг. Харин худалдан авах ажиллагааг хийх нь миний үүрэг биш” гэж мэдэгдэв.
Мөн яам өөрөө шууд худалдан авалт хийхгүй, мэргэжлийн байгууллага тендер шалгаруулж, шаардлагатай хэрэгслийг худалдан авна гэж тайлбарласан байна.
Эрсдэл хэвээр байгааг хүлээн зөвшөөрөв
Сайд баавгайн ичээнд орох хугацаа дөхөж байгааг тэмдэглээд, нөхцөл байдал бүрэн аюулгүй болоогүй гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Дахиад хүн амь насаа алдахгүй гэх баталгаа алга. Эрсдэл байгаа нь үнэн. Дуудлага бүрийг бүртгэж, очиж ажиллаж байна” гэжээ.
Мөн хариуцлагын асуудал яригдвал хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлж, “Шаардлагатай арга хэмжээгээ аваад явж байна. Уулнаас баавгай энэ олноороо бууж ирнэ гэж хэн мэдэх билээ. Сэрэмжлүүлэх ажлаа хийсэн” хэмээн хэлсэн байна.
