Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой гэх газарт энэ сарын 11-нд баавгайн бамбарууш орж ирснийг нутгийн иргэд аюулгүй байдлаар барьж, сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгчээ.
Улмаар ЗДТГ-ын алба хаагчид болон нутгийн иргэд хамтран бамбаруушийг байгальд нь буцаан тавьсан байна.
Бамбаруушийг барьж хорихгүй байхыг анхааруулав
Мэргэжлийн байгууллагууд иргэд, малчдад зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд яаран халдаж, гэмтээхгүй байхыг зөвлөж байна.
Ялангуяа баавгайн бамбаруушийг барьж, хашаа хороондоо хорихгүй, орон нутгийн удирдлага болон байгаль орчны байцаагчид нэн даруй мэдээлэх шаардлагатайг анхааруулжээ.
Учир нь бамбаруушийн ойролцоо эх баавгай байх, эсвэл үр төлөө хайж суурьшлын бүс рүү дагаж ирэх эрсдэлтэй бөгөөд энэ нь хүний амь нас, аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй юм.
