НүүрУлс төрТ.Баярхүү: Суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг устгасан 20 тохиолдол бүртгэгдсэн

Т.Баярхүү: Суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг устгасан 20 тохиолдол бүртгэгдсэн

Баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Экологийн цагдаагийн албанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгийн мэдээлснээр, одоогийн байдлаар суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг устгасан 20 тохиолдол бүртгэгджээ. Үүний дотор малчин өрхийн хотонд ойртсон баавгайг иргэд амь насаа хамгаалах зорилгоор хөнөөсөн тохиолдлууд багтсан байна.

Идэш тэжээлийн хомсдол үүссэн гэх урьдчилсан мэдээлэл байна

Т.Баярхүүгийн хэлснээр, баавгай хоёр сарын өмнөөс суурьшлын бүсэд олноор орж ирж эхэлсэн бөгөөд орон нутагт шуурхай ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байгаа аж.

Тэрбээр “Баавгай суурьшлын бүс нутагт идэш тэжээлийн хомсдол үүссэн. Мөн тоо толгой өссөн гэсэн урьдчилсан мэдээлэл байна” гэж мэдэгдэв.

БОУАӨ-ийн сайдын албан даалгаврын хүрээнд хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан баавгайг шууд устгах арга хэмжээ авч байгаа гэж мөн мэдээллээ.

Унтуулах бууны төсвийг Засгийн газар шийдвэрлэжээ

Баавгайг аюулгүй барьж, шилжүүлэхэд ашиглах унтуулах буу худалдан авах төсвийг Засгийн газраас шийдвэрлэсэн бөгөөд худалдан авах ажиллагаа одоо үргэлжилж байгаа аж.

Мөн баавгайд халдуулж амиа алдсан, гэмтсэн иргэд болон эд хөрөнгийн хохирол амссан орон нутгийн иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Шаардлагатай төсвийг шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа гэж Т.Баярхүү мэдээлэв.

Худал мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд баавгайтай холбоотой гурван мэдээлэл бүртгэгдсэнээс хоёр нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг байсан гэж УОК-оос мэдээллээ.

Харин нэг дуудлага нь хяналтын камерт баавгайтай төстэй зүйл дүрслэгдсэнтэй холбоотой байсан бөгөөд алба хаагчид орой болтол газар дээр нь ажиллажээ.

Т.Баярхүү “Дуудлага бүрт очиж ажиллаж байгаа учраас худал дуудлага өгөхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд