АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йорк хотын Пенн-стэйшн (Penn Station) вокзал болон Вашингтон орчмын Даллес (Dulles) олон улсын нисэх онгоцны буудлыг өөрийн нэрээр нэрлэвэл Хадсон голын доогуурх шинэ туннелийн санхүүжилтийг шийдэж өгөхөө амласан байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн томоохон төслийг өөрийн “бренд”-ээр солих сонирхолтой байгаа бололтой.
Энэхүү мэдээллийг CNN телекомпаниас иш татан Mongolnews24.com дамжууллаа. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Трамп Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумертай уулзахдаа уг саналыг хэлэлцжээ. Трамп вокзал болон нисэх буудлын нэрийг өөрчилсний хариуд Нью-Йорк болон Нью-Жерси мужуудыг холбох “Gateway” дэд бүтцийн төсөлд зориулсан 16 тэрбум долларыг чөлөөлөхөө амласан байна. Харин Шумер Трампад ийм ер бусын хүсэлтийг биелүүлэх эрх мэдэл байхгүй гэдгээ мэдэгджээ.
Нөхцөл байдал: The Wall Street Journal сонины мэдээлснээр, Gateway төслийн зөвлөлөөс санхүүжилт дутагдсаны улмаас 1-р сард бүх ажлаа түр зогсоосноо зарлаад байсан юм. Трампын засаг захиргаа уг төслийг “олон талт байдал, тэгш байдал, хүртээмжийг хангах” (DEI) хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж үзэн, 2025 оны 10-р сард санхүүжилтийг нь царцааж, шалгалт эхлүүлээд байжээ.
