Тайванийн Шинэ Тайпэй хотноо 2026 оны зургаадугаар сарын 6-ноос 7-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн олон улсын нээлттэй “New Taipei City Athletics Open-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны (World Athletics) континенталь турын мөнгөн зэрэглэлд (Silver Label) багтдаг тус нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, хурд хүч, шандасаа сорьсон байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд Монгол Улсын үндэсний рекордыг эзэмшигч, МУБИС-ийн Биеийн тамир, спортын сургуулийн төгсөгч, “Үчимбэр” клубийн тамирчин, спортын мастер Энхбатын Оюундарь гайхалтай амжилт үзүүллээ. Тэрбээр 12.57 метр харайсан амжилтаар тэмцээний мөнгөн медалийн тавцанд зогссон байна. Мөн Э.Оюундарь уртын харайлтын төрөлд хүч үзэж, 5.62 метр харайсан үзүүлэлтээр тэмцээнээ өндөрлүүлжээ.
Баг тамирчдын бусад амжилтууд
Тус олон улсын тэмцээнд МУБИС-ийн БТС-ийн спортын ганцаарчилсан төрлүүдийн тэнхимийн багш, спортын мастер А.Амгалан болон “Үчимбэр” клубийн дасгалжуулагч Г.Жанцандорж нарын удирдлага дор манай бусад гүйгчид хурд сорьж, хувийн амжилтаа ахиулсан байна. Тэмцээнд оролцсон тамирчдын зайн үзүүлэлтүүдийг танилцуулж байна.
- Спортын мастер Ц.Мөнххэрлэн: Монгол Улсын эмэгтэйчүүдийн 200 метрийн зайн үндэсний рекорд эзэмшигч тэрбээр энэ удаад 400 метрийн зайд 57.14 секунд, 200 метрийн зайд 25.21 секундын хурд үзүүлэв.
- Спортын мастер С.Идэрхүү: Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд уралдаж, 400 метрийн зайн гүйлтэд 49.41 секунд, 200 метрийн зайд 22.79 секундын амжилт тус тус гаргалаа.
