Монголын шатрын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, Азийн Шатрын Холбооны Академи (ACFA) өөрийн албан ёсны салбарыг манай улсад албан ёсоор нээлээ. Дундад Азийн орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тус нэр хүндтэй академи ийнхүү Монголд хөл тавьж байгаа бөгөөд Монгол дахь салбарыг Монгол Улсын Гавьяат тамирчин, Их мастер А.Энхтуул үүсгэн байгуулжээ. Тэрбээр өмнө нь Азийн Шатрын Холбооны гадаад харилцааны албанд ажиллаж байсан туршлагадаа үндэслэн олон улсын шилдэг арга барилыг эх орондоо нутагшуулахаар ажиллаж байна. Тус академи нээгдсэнд Азийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч Шейх Султан бин Халифа Аль Нахьяан тусгайлан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Нээлтийн тэмцээнд шилдэг найман шатарчин уригджээ
Академийн нээлтийн баярт зориулан 1.5 сая төгрөгийн шагналын сантай, шилдэг мастеруудын түргэн тоглолтын тойргийн сонирхолтой тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд оюун ухаанаа уралдуулахаар дараах шилдэг найман шатарчин уригдан оролцсон байна.
- ОХУ-ын Их мастер, ААШТ-ий хүрэл медальт Жамсаран Цыдыпов
- Монгол Улсын Гавьяат тамирчин, Их мастер Б.Хатанбаатар
- Монгол Улсын Их мастер Ц.Батчулуун
- Монгол Улсын 33 дахь аварга, Олон улсын мастер М.Амилал
- Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул
- ОХУ-ын мастер Филипп Рудовский
- Тус академийн шилдэг сурагчдын нэг А.Мичид
Ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн тус тэмцээнд Оросын их мастер Жамсаран Цыдыпов гарамгай тоглон түрүүлж, шагналын тавцангийн тэргүүн байрыг эзэлсэн бол манай улсын шилдэг их мастерууд болох Б.Хатанбаатар, Ц.Батчулуун нар удаах байруудад шалгарчээ.
Хиймэл оюунд суурилсан “Smart Class” систем
Монгол дахь ACFA салбарын хамгийн том давуу тал болон бусад орноос ялгарах онцлог нь сургалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “Smart Class” системийг иж бүрнээр нь нэвтрүүлсэн явдал юм. Энэхүү дэвшилтэт технологи нь шатар сонирхогч хүүхэд залуусын сэтгэхүйг хөгжүүлэх, тэдний тоглолтын техникт олон улсын түвшинд дүн шинжилгээ хийж зааж сургахад томоохон үсрэлт болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
