Монголын цахим спортын The MongolZ баг Mobile Legends: Bang Bang (MLBB) төрлийн Зүүн Азийн аварга шалгаруулах MCT EA тэмцээнд түрүүлж, M8 дэлхийн аваргын үндсэн шатанд шууд оролцох эрхтэй боллоо.
Аравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотын M Bank Arena-д болсон тэмцээний их шигшээд The MongolZ Хятадын DianFengYaoGuai (DFYG) багийг 5:3-ын харьцаатай хожиж, аваргын цом өргөсөн байна.
Хятадын хоёр багийг дараалан буулган авчээ
The MongolZ доод хүснэгтийн шигшээ тоглолтод Хятадын Guangzhou Gaming багтай учраа таарч, 3:0-ээр ялалт байгуулснаар аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм.
Улмаар их шигшээд тэмцээний турш нэг ч хожигдоогүй DFYG багтай тогложээ. Хоёр багийн өрсөлдөөнд The MongolZ 5:3-аар илүүрхэж, Зүүн Азийн аварга болсон байна.
“Immortality Armour” шинэ дүрмийг анх удаа ашиглажээ
Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулагч MOONTON Games болон Монголын цахим спортын байгууллага (ESN) хамтран “Immortality Armour” буюу “Үхэшгүй хуяг” нэртэй шинэ механикийг нэвтрүүлсэн нь онцлог байв.
Давхар хасагдах журмаар явагдсан тэмцээний турш ялагдал хүлээгээгүй DFYG баг уг давуу эрхийг авснаар их шигшээд дөрвөн ялалт байгуулахад аварга болох боломжтой байжээ.
Харин The MongolZ дөрөв дэх ялалтаа байгуулснаар өрсөлдөгчийнхөө “Immortality Armour” давуу эрхийг хүчингүй болгосон байна. Улмаар шийдвэрлэх тав дахь ялалтаа авч, аваргын цомын эзэн болжээ.
Дэлхийн шилдэг 16 багтай өрсөлдөнө
Зүүн Азийн аваргын цом хүртсэн The MongolZ баг 2027 оны нэгдүгээр сард Туркийн Истанбул хотод болох M8 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн шатанд дэлхийн шилдэг 16 багтай өрсөлдөх юм.
Харин тэмцээний дэд аварга DFYG болон Guangzhou Gaming багууд Wild Card шатанд оролцож, үндсэн шатны үлдсэн гурван эрхийн төлөө тоглохоор болжээ.
Улаанбаатар хотод зохион байгуулсан MCT EA нь Mobile Legends: Bang Bang-ийн дэлхийн аваргын M Series системтэй шууд холбогдсон Зүүн Азийн бүсийн анхны тэмцээн болсон байна.
