БНХАУ 2030 оноос өмнө анхны сансрын нисгэгчдээ Сарны гадаргуу дээр газардуулахаар зорьж байна. Энэ талаар Бээжин хотноо зохион байгуулагдсан Жолоодлогот сансрын хөтөлбөрийн VII симпозиумын үеэр Сар судлалын хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгч Ван Сян мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжиллаа.
Ван Сяны хэлснээр, уг даалгаврыг «хоёр хөөргөлт — нэг буулт» гэсэн схемээр гүйцэтгэнэ. Хоёр “Чанчжэн-10” зөөгч пуужингаар “Ланьюэ” буугч аппарат болон “Мэнчжоу” жолоодлогот хөлгийг Сарны тойрог замд тус тусад нь илгээх юм. Эдгээр аппаратууд Сарны тойрог замд холбогдож залгагдсаны дараа сансрын нисгэгчид буугч модуль руу шилжин сууна.
Хөлгийн баг нийт гурван гишүүнээс бүрдэх ч Сарны гадаргуу дээр ердөө хоёр нь бууна. Тэд гадаргуу дээр шинжлэх ухааны судалгааны ажлууд гүйцэтгээд үндсэн хөлөгтөө эргэн нэгдэж, улмаар Дэлхий рүү буцах ажээ.
Хүнтэй нислэг үйлдэж газардахаас өмнө БНХАУ Сарны тойрог замд технологийн туршилтын нисгэгчгүй гурван шатны шалгалтыг хийхээр төлөвлөжээ. Бүх хөөргөлтийг Хайнань арал дахь Вэньчан сансрын буудлаас гүйцэтгэх юм.
Ван Сян тус улсад шаардлагатай техникийн нөөц, боломж бүрэн бүрдсэн гэдгийг мэдэгдээд, цаашдын Сар судлалын үйл явц нь «эхлээд мэдлэг, чадвараа хуримтлуулах, дараа нь нөөцийг ашиглаж эхлэх» зарчимд тулгуурлах ёстойг онцоллоо.
