Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх нэгэн бахдам үйл явдал ирэх намар тохиох гэж байна. Улсын драмын эрдмийн театрын (УДЭТ) нэрийн хуудас болсон түүхэн туульсын “Тэнгэрийн хүү” жүжиг ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагддаг нэр хүндтэй “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д албан ёсоор оролцохоор боллоо. Олон улсын наадамд явахаасаа өмнө тус жүжгийн шинэчилсэн хувилбарыг энэ сарын 19, 20, 21-ний өдрүүдэд эх орныхоо үзэгчдэд зориулан УДЭТ-ын тайзнаа сонирхуулах гэж байна.
Дэлхийн сэтгэлзүйн театрын өлгий дэх Монголын уран бүтээл
Барууны театрын ертөнц болон урлаг судлаачид Александринскийн театрыг “сэтгэлзүйн театр мэндэлсэн газар, орчин үеийн жүжиглэх урлагийн чиг хандлагыг тодорхойлсон түүхэн цэг” хэмээн өндрөөр үнэлж, хүлээн зөвшөөрдөг. Тус түүхт театрын Ерөнхий захирал Александр Малич Монголын уран бүтээлчдийг ирэх есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд өөрийн тайзнаа тоглох албан ёсны урилгыг ирүүлжээ.
2026 оны намар Европын авангард найруулагчид болон Азийн уламжлалт театрын мастерууд Санкт-Петербургт хуран цуглах бөгөөд тэдний дунд Монголын түүхэн сэдэвт томоохон бүтээл багтсан нь манай театрын чансааг дэлхийн түвшинд харуулж буй хэрэг юм.
Жүжгийн уран бүтээлчид болон үзвэрийн тов
Бүтээн байгуулалт болон зохион байгуултын хувьд шинэчилсэн өнгө төрхтэйгээр үзэгчдэд хүрэх тус жүжгийн гол мэдээллүүдийг багцлан хүргэж байна.
- Жүжгийн зохиолч: Б.Цогнэмэх
- Ерөнхий найруулагч: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
- Улаанбаатар дахь тоглолт: 2026 оны зургаадугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа
- Санкт-Петербург дахь тоглолт: 2026 оны есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Александринскийн театрт
Үндэсний түүх, соёлын гайхамшгийг театрын амьд хэлээр өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ хувилбар ийнхүү дэлхийн тайзнаа гарахаасао өмнө эх орондоо хөшгөө нээхэд бэлэн болжээ.
