Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, тэргүүн хатагтай болон Засгийн газрын гишүүд зэрэг нийт 168 хүний хувийн нууцад хамаарах дэлгэрэнгүй мэдээлэл цахим орчинд алдагдсантай холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүллээ. БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр, төрийн тэргүүний тусгай нислэгээр зорчсон албаны төлөөлөгчдийн жагсаалт мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төлбөртэй цахим платформ дээр нийтлэгдсэн байжээ.
Паспортын дугаар зэрэг нууц мэдээлэл бүхий баримт таван сар ил байжээ
“Зорчигчдын жагсаалт (Өмнөд Солонгос-Бельги)” нэртэй уг баримт бичигт төрийн тэргүүн, түүний гэргий болон Засгийн газрын сайд нараас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчид болон айлчлалыг дагалдан сурвалжилсан хэвлэл мэдээллийн төлөөллүүд багтсан байв. Уг файлд дээрх иргэдийн солонгос болон англи нэр, ажилладаг байгууллага, албан тушаал, төрсөн он сар өдөр, паспортын дугаар, олгосон болон хүчинтэй хугацаа зэрэг бүх төрлийн хувийн дэлгэрэнгүй өгөгдөл ил харагдаж байсан аж.
Хортой код шалгуулах үеэр санамсаргүй задарсан байх магадлалтай
Хуулийн байгууллагын урьдчилсан таамгаар, Ли Жэ Мёны өнгөрсөн зургаадугаар сард Европ тив буюу Бельги, Итали, Франц улсад хийсэн албан ёсны айлчлалын өмнө уг баримтыг хортой код (вирус) агуулсан эсэхийг нь шалгуулахаар уг системд байршуулсан байж болзошгүй байна. Гэвч тухайн цахим хуудас нь байршуулсан файлуудыг төлбөртэй хэрэглэгчид шууд татаж авах боломжтой бүтэцтэй байсны улмаас зургаадугаар сарын 2-ны өдрөөс хойш таван сар орчмын турш олон нийтэд нээлттэй хадгалагджээ.
Одоогоор холбогдох албаныхан уг файлын хандалтыг хааж, сүлжээнээс бүрэн устгаад байгаа бөгөөд Гадаад хэргийн яам болон аюулгүй байдлын байгууллагууд хамтран мэдээлэл гадагш алдагдсан нарийвчилсан учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Улс орны төрийн тэргүүн, танхимын сайд нар болон аюулгүй байдлын тусгай алба хаагчдын хувийн нууцад хамаарах өгөгдөл цахим сүлжээнд ийнхүү урт хугацаанд хяналтгүй дэлгэгдсэн нь мэдээллийн аюулгүй байдлын дотоод хяналт сул байгааг харууллаа. Цаашид төрийн дээд түвшний айлчлалын бэлтгэл ажил болон баримт бичгийн цахим солилцоонд тавих шалгуурыг чангатгахгүй бол төрийн зүтгэлтнүүдийн хувийн халдашгүй байдал болон дипломат харилцааны аюулгүй байдалд ноцтой хохирол учирч болохыг энэхүү явдал сануулж байна.
