Нийслэлийн МАН-ын хорооны ээлжит Бага хурал энэ сарын 7 буюу бямба гарагт хуралдахаар тов гарлаа. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тус хурлаар намын хорооны өнгөрсөн хугацааны ажлын тайланг хэлэлцэж, намын анхан болон дунд шатны удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн, дараагийн даргыг сонгох юм.
Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалд одоогоор Хотын дарга Б.Пүрэвдагва нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлээд байгаа бөгөөд одоогоор түүнээс өөр нэр дэвшигч албан ёсоор тодроогүй байна. Уг сонгууль нь намын нийслэл дэх бодлогын залгамж халаа болон цаашдын бүтэц, төлөвлөлтөд шийдвэрлэх нөлөө үзүүлэхээр байна.
Х.Нямбаатарын оролцоо ба Ажлын хэсгийн тайлбар
Олон нийтийн зүгээс эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй намын хорооны дарга Х.Нямбаатар хуралд хэрхэн оролцох асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тодруулга өгөхдөө “Нийслэлийн МАН-ын хорооны хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Мэдээж дараагийн дарга болон бүтэц, бүрэлдэхүүн яригдана. Х.Нямбаатар дарга цахимаар оролцож, тайлангаа тавих байх” хэмээн мэдэгджээ.
Нийслэлийн МАН-ын удирдлага шинэчлэгдэх уг Бага хурал нь хотын хөгжлийн бодлого, улс төрийн хүчний дотоод эв нэгдэл болон шинэ багийн төлөвшлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Ялангуяа өмнөх удирдлагын тайланг дүгнэх, шинээр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үйл явц нь намын гишүүд болон нийслэлийн олон нийтийн анхаарлын төвд өрнөхөөр байна.
