Японы Айчи-Нагоя хотод аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болсон Азийн V пара наадамд Монгол Улсын баг амжилттай оролцож, нийт 10 медаль хүртжээ.
“Айчи Нагоя 2026” Азийн Пара наадамд Монгол Улсаас 44 тамирчин, 18 дасгалжуулагч спортын 10 төрөлд өрсөлдсөн байна.
Монголын тамирчид спортын таван төрлөөс:
- 4 алтан медаль,
- 4 мөнгөн медаль,
- 2 хүрэл медаль
хүртэж, нийт 10 медальтайгаар тэмцээнийг өндөрлүүлжээ.
Ингэснээр медаль хүртсэн 45 улсын дундаас Монгол Улс 14 дүгээр байрт бичигдсэн байна.
Тамирчид нэг тосгонд бус, 10 өөр байршилд байрлажээ
Энэ удаагийн Азийн Пара наадам зохион байгуулалтын хувьд өмнөхөөс ялгаатай байлаа. Бүх тамирчин нэг дор төвлөрсөн тосгонд байрлаагүй бөгөөд спортын төрлөөс нь хамааруулан өөр өөр зочид буудалд байрлуулжээ.
Тамирчдын төв тосгонд оролцогч орнуудын багийн штаб, мөн ширээний теннис, тэргэнцэртэй сэлэм, тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тамирчид байрласан байна.
Харин Монголын баг тамирчид төв тосгоноос гадна есөн өөр зочид буудалд байрласан бөгөөд нийтдээ 10 өөр байршлаас тэмцээнүүддээ оролцжээ.
Ийм зохион байгуулалт нь багийн удирдлага, мэдээлэл дамжуулах, тээврийн зохицуулалт болон тамирчидтай тогтмол холбоотой ажиллахад нэмэлт ачаалал үүсгэсэн байна.
Гэсэн хэдий ч Монголын багийн штаб тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүсийг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай мэдээллийг шуурхай хүргэх, унаа тээврийг зохицуулах, багууд дээр биечлэн очиж ажиллах зэргээр тэмцээний турш үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Монголын багийн штаб аравдугаар сарын 13-нд Нагояд очсон
Монгол Улсын багийн штабын ажилтнууд тэмцээний бэлтгэл ажлыг хангахаар аравдугаар сарын 13-нд хамгийн түрүүнд Нагоя хотод хүрэлцэн очсон байна.
Харин Монголын багийн сүүлчийн бүрэлдэхүүн аравдугаар сарын 27-нд эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
Ийнхүү Монголын пара тамирчид Азийн V пара наадмыг дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт 10 медальтайгаар дуусгаж, медалийн чансааны 14 дүгээр байрт шалгарлаа.
