Казахстаны Астана хотод үргэлжилж буй чөлөөт болон сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шигшээ баг анхны медалиа хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд барилдсан Энх-Амарын Даваанасан хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ий хошой медальтан болов.
28 настай Э.Даваанасан дагах барилдаанд Литвийн Камил Грискиенийг 10:0 харьцаагаар оноогоор цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхээ авсан юм.
Улмаар медалийн шийдвэрлэх барилдаанд Кыргызстаны Айпери Медет Кыжиг цэвэр ялснаар Астана-2026 ДАШТ-ээс Монголын багийн анхны медалийг авчирлаа.
Гурван жилийн дараа ДАШТ-ээс дахин медаль хүртэв
Э.Даваанасан өмнө нь Сербийн Белград хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.
Тэрээр энэ удаа Астанагийн дэвжээнээс хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын хоёр дахь медалиа энгэртээ зүүлээ.
Монголын бусад тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Хулан, 65 кг-ын жинд Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдсан ч шагналт тавдугаар байрт орсон байна.
Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана
Монголын багийн медалийн төлөөх өрсөлдөөн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө хүч үзэх хуваарьтай.
Мөн өнөөдөр Монголын дараах бөхчүүд тэмцээнээ үргэлжлүүлнэ:
- эмэгтэйчүүдийн 55 кг-д Ц.Намуунцэцэг,
- эмэгтэйчүүдийн 59 кг-д Х.Болортуяа,
- эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр,
- эрэгтэйчүүдийн 97 кг-д Т.Дэмчигдорж.
Ийнхүү Э.Даваанасан хүрэл медаль хүртсэнээр Монголын шигшээ баг Астана-2026 ДАШТ-ий медалийн салхийг хагалж, өөрөө дэлхийн хошой медальтан боллоо.
