Цагдаагийн байгууллагаас 2026 он гарснаас хойш гадаад улсын виз зуучлалтай холбоотой нийт 176 залилангийн гэмт хэргийг бүртгэн шалгаж байна. Үүнээс дийлэнх хувийг буюу зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэх нэрээр иргэдийг хохироосон 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй явуулж байгааг хууль хяналтын байгууллагаас анхаарууллаа.
Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хөдөлмөрийн гэрээгээр (Е-9 виз) аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулах цорын ганц эрх бүхий байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар юм. Тус байгууллагаас 2026 оны гуравдугаар сард шалгалтын бүртгэлийг эхлүүлсэнтэй холбоотойгоор хавар, намрын улиралд энэ төрлийн залилангийн хэрэг эрс идэвхждэг байна.
Гэмт этгээдүүд иргэдийн яарсан, солонгос улсыг зорих гэсэн хүслийг давуу тал болгон ашиглаж, их хэмжээний мөнгө залилахдаа дараах худал мэдээллүүдийг голлон ашигладаг аж.
- “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг, найдвартай танилтай”
- “Ямар нэгэн тээглүүргүйгээр, зуун хувь найдвартай виз гаргаж өгнө”
- “Бүртгэлийн дараалал харгалзахгүйгээр шууд явуулж чадна”
- “Хэлний шалгалт өгөх шаардлагагүй, шууд хөдөлмөрийн гэрээнд зуучилна”
Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөмж
Визний залилангийн гэмт хэрэгт өртөж, санхүү болон сэтгэл санааны хохирол амсахаас урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас иргэдэд дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтантай холбоотой бүхий л мэдээлэл, шалгалтын үр дүнг зөвхөн албан ёсны эх сурвалж, сувгуудаас авч нягтлах. Танил талаар дамжуулан виз гаргах, шалгалтгүйгээр БНСУ-ыг зорих гэсэн элдэв хууль бус амлалтад огт итгэхгүй байх. Урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж, зуучлалын хөлс нэрээр үл таних хаяг, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхээс эрс татгалзах. Цахим орчинд байршсан сэжигтэй зар мэдээлэл болон залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх.
