Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Эрдэм Нова” сургууль Монгол Улсын анхны төр, хувийн хэвшлийн төрөлжсөн ахлах сургууль болон үйл ажиллагаагаа эхлүүлээ. Хан-Уул дүүргийн таван сургуулийн 500 гаруй ахлах ангийн сурагч зорилгоо тодорхойлсон эсээ бичин илгээснээс математик болон байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар сонгогдон хичээллэж эхэлсэн байна.
Сургалтын хөтөлбөрийн онцлог ба давуу тал
Төрөлжсөн ахлах сургууль нь харьяалал үл харгалзан, сурагчдын цаашид мэргэших чиглэлд тулгуурлан академик мэдлэг, ур чадварыг эртнээс эзэмшүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
- Гүнзгийрүүлсэн агуулга: Ерөнхий боловсролын ердийн сургуульд заавал судлах 16 хичээл байдаг бол тус сургуулийн сурагчид өөрийн сонгосон чиглэлийн хичээлийн агуулгыг 50 хүртэлх хувиар гүнзгийрүүлэн судална.
- Их сургуулийн суурь бэлтгэл: Дээд сургуулийн эхний түвшинд үздэг зарим хичээлийг ахлах ангидаа судалснаар академик суурь мэдлэг, ур чадвараа эртнээс эзэмших боломж бүрдэж байна.
- Хувийн сургалтын төлөвлөгөө: Сурагч бүрт зориулсан долоо хоногийн сургалтын тусгай төлөвлөгөө гарч, тухайн хүүхэд сонгосон мэргэжлийнхээ дагуу анхан шатны оюутны хөтөлбөрөөр суралцах нөхцөл бүрджээ.
