УИХ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталснаар 435 мянган ахмадын тэтгэврийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болсон талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Түүний хэлснээр, ахмадуудын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд төсвийн тодотголд тусгасан бусад хөтөлбөр ч арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Сангийн сайд З.Мэндсайхан “Засгийн газар 2026 оны батлагдсан төсвөөс 1 их наяд 444 тэрбум төгрөгийн зардлыг танаж байна. Танасан зардлаараа ахмадуудынхаа тэтгэврийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр боллоо” гэж мэдээлэв.
Ингэснээр нийт 435 мянган ахмадын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болжээ.
Багш, эрүүл мэндийн салбарын цалингийн асуудлыг мөн тусгажээ
З.Мэндсайханы мэдээлснээр, төсвийн тодотголоор багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Харин эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх асуудлыг ирэх онд шийдвэрлэхээр төлөвлөжээ.
