Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамжинд “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор” барих бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли болон албаны бусад төлөөлөл оролцжээ.
Төслийг хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байна
Уг төслийг 2018, 2019 онд Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төслийг хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бодит илэрхийлэл хэмээн онцолжээ.
Тэрбээр спорт цогцолбор нь хүүхэд, залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дэмжих, бүх насны иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж мэдэгдсэн байна.
779 сая юаны буцалтгүй тусламжаар барина
Бүтээн байгуулалтыг БНХАУ-ын 779 сая юаны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.
Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли уг төслийг хоёр улсын төрийн тэргүүний анхаарал хандуулж буй, Монголын иргэдэд өгөөжтэй бүтээн байгуулалт хэмээн онцолжээ. Мөн цогцолборыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах нь Монгол, Хятадын уламжлалт найрамдалт харилцааны нэг илэрхийлэл болно гэж мэдэгдсэн байна.
Өдөрт 6000 орчим хүүхэд, залуус хичээллэх боломжтой
Спорт цогцолбор:
- 58 мянган ам метр талбайтай
- 10 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай
- Өдөрт 6000 орчим хүүхэд, залуус хүлээн авах боломжтой
- Спортын 19 төрлөөр хичээллэх нөхцөлтэй байхаар төлөвлөжээ.
Мөн тоглоомын талбай, спортын худалдаа, үйлчилгээний хэсэг, сургалтын танхим, спорт оношилгоо болон нөхөн сэргээх өрөөнүүдтэй байх юм.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Шэньси констракшн инженеринг групп корпорэйшн” компани ажиллаж байгаа бөгөөд спорт цогцолборыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
