Олон улсын шатрын холбоо /FIDE/-ноос хүмүүжигчдийн дунд жил бүр зохион байгуулдаг шатрын дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн цахим тэмцээнд Монголын баг амжилттай оролцжээ.
Тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг хүрэл медаль хүртсэн байна.
Монголын 24 тамирчин оролцжээ
Энэ удаагийн тэмцээнд ШШГЕГ-ын харьяа:
- 401, 409, 415, 419, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй гурван баг
- 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг баг
- Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны нэг баг оролцжээ.
Ингэснээр Монгол Улсаас нийт таван багийн 24 тамирчин дэлхийн аваргын цахим тэмцээнд өрсөлдсөн байна.
Тэмцээнд АНУ, Филиппин, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Австрали зэрэг 57 орны 135 баг, тамирчид оролцжээ. Монголын 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг өрсөлдөгчдөө даван хүрэл медалийн эзэн болсон байна.
