ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев болон түүний ойр орчмын нутаг дэвсгэрт 12 цагаас илүү хугацаанд үргэлжилсэн өргөн хүрээний агаарын довтолгоо хийсний улмаас дор хаяж 12 хүн амиа алдсан талаар Украины тал мэдээлжээ. Энэ удаагийн цохилт нь Киев хот ОХУ-ын томоохон довтолгоонд зургаа дахь өдрөө дараалан өртсөн тохиолдол болсон байна.
Украины албаныхны мэдээллээр довтолгоонд далавчит болон баллистик пуужин, мөн тийрэлтэт хөдөлгүүр бүхий нисгэгчгүй төхөөрөмжүүд ашиглажээ. Киевээс гадна Украины өөр найман бүс нутаг цохилтод өртсөн бөгөөд орон сууцны барилга, төмөр замын байгууламж болон бусад иргэний дэд бүтцэд хохирол учирсан байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд Украины төмөр замын зургаан ажилтан болон Энэтхэгийн нэг иргэн байсан талаар Украины тал мэдээлсэн байна. Мөн хэд хэдэн хүн шархадсаны дотор гурван хүүхэд багтжээ.
Украины эрх баригчид Киевийг сүүлийн хэдэн өдөр өдөр, шөнөгүй довтолж буйг нийслэлийн хэвийн амьдралыг алдагдуулах, иргэдэд сэтгэлзүйн дарамт үзүүлэх зорилготой гэж тайлбарлаж байна. Довтолгоо тус улсад шинэ хичээлийн жил эхэлсэн үетэй давхацсан нь мөн анхаарал татжээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам цохилтуудыг иргэний объект бус, цэргийн үйлдвэрлэл, эрчим хүчний дэд бүтэц болон цэргийн зориулалттай бусад байгууламжид чиглүүлсэн хэмээн мэдэгдсэн байна. Довтолгооны бай, учирсан хохирол болон үр дагаврын талаар Москва, Киевийн гаргаж буй мэдээлэл хоорондоо зөрүүтэй хэвээр байгаа юм.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр энэ удаагийн довтолгооны үеэр нийт 218 дрон, түүнчлэн хэд хэдэн төрлийн пуужин харвасан байна. Тэдгээрийн олонхыг Украины агаарын довтолгооноос хамгаалах систем замаас нь устгаж, саатуулсан гэж тус улсын тал мэдэгджээ.
