НүүрСпортДархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц сүмогийн дээд зиндаанд дэвшлээ

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц сүмогийн дээд зиндаанд дэвшлээ

Японы Сүмо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд Токио хотноо эхлэх Намрын тэмцээний банцүкэг зарлалаа. Энэхүү банцүкэгээр Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, Тошинофүжи Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаа буюу Макуүчид албан ёсоор дэвшсэн байна. Тэрбээр Монгол Улсаас төрсөн 33 дахь дээд зиндааны бөх болж байгаа юм.

Өнгөрсөн башод Жюүрёо зиндаанд 11 давж, богино хугацаанд дээд зиндаанд шалгарсан 26 настай Тошинофүжи Ө.Дэмиджамц сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

Жюүрёод 3 башё барилдаад дээд зиндаанд дэвшсэндээ маш баяртай байна. Бодсоноос хурдан гарлаа. Багшийнхаа зааж өгсөн бэлтгэлээр зиндаа ахилаа. Тачиай золголт дээр намхан босох дасгал их хийсэн. Цаашдаа ч урагш довтлож, ухарч зугталгүй барилдана. Манай дэвжээ цолтой бөх олон болохоор бэлтгэл хийх хүн дутагдах зовлон байхгүй. Бүгд надад үнэтэй зөвлөгөө хайрладаг. Аавын амжилтад дөхөж очих яагаа ч үгүй байна. Бага байхад аав наадамд түрүүлээд баяр, найр хийдэг байсан. Би ч гэсэн тийм найр хийж үзмээр байна” хэмээн ярьжээ.

Түүний багш Тэрүнофүжи түүний талаар “Гэнэт тэсэрнэ дээ гэж итгэж, найдан хүлээж байлаа. Ө.Дэмиджамц одоо ч нуруу нь өсөөд бие нь томорсоор байгаа. Манайд олон сайн залуу байгаа. Гэхдээ хүн өөрөө хичээхгүй бол хэчнээн сайхан бие бялдартай байгаад дээш гарахгүй. Ояката багшийн хувиар би бөхчүүдээ тэмцээн дээр, жирийн амьдралд ч тав тухтай байлгахыг хичээдэг. Мөн хоорондоо бас өрсөлдөж, хурцлагдаж байх нь зүгээр” хэмээн онцолсон байна.

Тамирчны товч танилцуулга

  • Төрсөн огноо: 2000 оны 8 дугаар сарын 24
  • Биеийн үзүүлэлт: Өндөр 195 см, жин 151 кг
  • Замнал: 2016 онд Японы Тоттори Жёохокү сургуульд элсэн, сонирхогчдын сүмогийн дасгалжуулагч Р.Гантөгсийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд