HomeЭрүүл мэндДепрессийг анагаах контакт линз бүтээжээ

Депрессийг анагаах контакт линз бүтээжээ

БНСУ-ын судлаачид нүдний торлог бүрхэвчийн нейроноор дамжуулан тархийг цахилгаанаар цочроох замаар депрессийг (depression — сэтгэл гутрал) дарангуйлах контакт линз бүтээжээ. Туршилтын амьтдад хийсэн шинжилгээгээр энэхүү төхөөрөмж нь сэтгэл гутралын эсрэг эм бэлдмэлтэй (антидепрессант) ижил түвшний үр дүн үзүүлсэн байна.

Эрдэмтдийн судалгааны ажил “Cell Reports Physical Science” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ. Сөүлийн Ёнсе их сургуулийн профессор Пак Чанъун “Эмийн бус аргаар эмчлэх бидний санал болгож буй энэхүү шийдэл нь депресстэй тэмцэхээс гадна түгшүүр, донтолт болон танин мэдэхүйн эмгэгүүдийг эмчлэх арга барилыг үндсээр нь өөрчилнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон байна.

Одоо ашиглагдаж буй сэтгэл гутралтай тэмцэх аргууд болох эм бэлдмэл, тархины имплант (суулгац) болон цахилгаан эмчилгээ нь хүний сэтгэл хөдлөл, ааш занг хариуцдаг тархины хэд хэдэн хэсэгт нөлөөлдөг. Эдгээр хэсгийн зарим нь нүдний торлог бүрхэвчтэй холбоотой байдаг нь эрдэмтдэд ийм аргаар эмчилгээ хийх санааг төрүүлжээ.

Ажиллагааны зарчим

Судлаачид контакт линзэнд платин болон галлийн оксидоос бүрдсэн хоёр иж бүрдэл электрод суурилуулжээ. Эдгээр нь өндөр давтамжийн цахилгаан орон үүсгэх бөгөөд тэдгээрийн харилцан үйлчлэлийн дүнд торлог бүрхэвч дотор бага давтамжийн цахилгаан импульс (импульс — богино хугацааны цохилт) бий болдог байна. Уг импульс нь харааны мэдрэлээр дамжин тархины холбогдох хэсгүүдэд хүрч нөлөөлдөг аж.

Хулганууд дээр хийсэн туршилтын үеэр эрдэмтэд линзний ажиллах горимыг одоогийн сэтгэл гутралын эмчилгээтэй ижил үр дүн үзүүлэхүйцээр тохируулж чаджээ. Үр дүнг баталгаажуулахын тулд стрессийн даавар тариулж, сэтгэл гутралд орсон мэрэгчдэд линзийг зүүлгэж туршсан байна.

Ажиглалтаар уг контакт линз нь “флуоксетин” хэмээх антидепрессант эмтэй ижил түвшинд үйлчилж, мэрэгчдийн хөдөлгөөн болон зан авирт эерэг өөрчлөлт гарсан төдийгүй тархины үйл ажиллагаа нь тогтворжсон байна. Түүнчлэн линз зүүлгэснээр сэтгэл гутралтай холбоотой биомаркерын (biomarker — биологийн үзүүлэлт) агууламж 47 хувиар буурсныг эрдэмтэд онцоллоо.

Сэтгэл гутралын тухай

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) статистик мэдээллээр дэлхий дээр 300 сая гаруй хүн сэтгэл гутралын эмгэгээр шаналж байна. Жил бүр энэ эмгэгийн улмаас 800 мянга орчим хүн амиа алддаг бөгөөд үүнд 15-29 насны залуучууд хамгийн их өртдөг ажээ. Сүүлийн хэдэн арван жилд энэ эмгэгийг эмчлэх олон төрлийн антидепрессант бүтээгдсэн ч тэдгээрийн ихэнх нь гаж нөлөө ихтэй, донтуулах эрсдэлтэй байдаг байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд