Индонезийн хэд хэдэн хотод оюутнууд болон нийгмийн идэвхтнүүдийг хамарсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал боллоо. Энэ тухай тус улсын “Suara Desa” хэвлэл болон “Reuters” агентлаг мэдээлэв.
Эсэргүүцлийн жагсаал 10 дугаар сарын 20-нд Жакарта, Жокьякарта, Бандунг, Макасар болон бусад хотод явагдсан бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Прабово Субианто албан тушаалдаа орсны хоёр жилийн ойтой давхацжээ. Жагсагчдын тавьсан гол шаардлагуудын нэг нь ойн болон газрын өргөн хэмжээний түймрийг үндэсний гамшгийн түвшинд хүлээн зөвшөөрөх явдал байв. Жагсаалд оролцогчид гал түймэр гарсан шалтгааныг шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох болон хохирол амссан газар нутгийг нөхөн сэргээхийг шаардсан байна.
Түүнчлэн оюутнууд үнийн өсөлт, Засгийн газрын эдийн засгийн бодлого болон боловсролын тогтолцооны өнөөгийн байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Жакарта хотод жагсагчид авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангахыг Засгийн газраасаа шаардсан байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, жагсаал цуглаан өрнөсөнтэй холбогдуулан эрх баригчид нийслэл хотын хэв журмыг сахиулахаар 9,000 гаруй цагдаагийн алба хаагчийг дайчлан ажиллуулжээ.
