Монгол Улсын нутаг дэвсгэрт 1200 орчим цоохор ирвэс амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн тархац нутаг 103 мянган ам км талбайг хамарч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Жил бүрийн аравдугаар сарын 23-нд тохиодог Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэхүү өдрийг 2014 онд Бишкек хотод зохион байгуулсан олон улсын форумын үеэр цоохор ирвэс тархан амьдардаг Төв Азийн 12 улс хамтран тунхаглажээ.
Цоохор ирвэс дэлхийн 12 улсын уулархаг бүсэд тархан амьдардаг
Цоохор ирвэс нь Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Хятад, Монгол, Бутан, Орос, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Казахстан зэрэг 12 улсын нутагт тархсан байдаг.
Эдгээр улсын Алтай, Тянь Шань, Памир, Хинду куш, Хархорум, Гималай зэрэг томоохон уулсын бүс нутагт нийт 1.6 сая ам км талбайд ойролцоогоор 4500-7500 цоохор ирвэс амьдардаг гэсэн тооцоо бий.
