Цахим спортын Counter-Strike төрлийн дэлхийн шилдэг тоглогчдын нэг, ОХУ-ын тамирчин Данил “donk” Крышковецийг багтаа элсүүлэхээр BC.Game Esports 2026 оны эхээр 5 сая ам.долларын санал тавьсан ч хэлэлцээр амжилтад хүрээгүй байна.
Тус багийн тэргүүн Али “akofocus” Моханнедын мэдээлснээр, тэд 19 настай тоглогчийг элсүүлэхээр оролдсон боловч тавьсан саналдаа хариу авч чадаагүй аж.
Сарын 200 мянган ам.долларын цалин санал болгоход бэлэн байжээ
BC.Game Esports багийн тэргүүн Али Моханнед өмнө нь “Donk манай багт ирсэн бол би түүнд сард 200 мянган ам.долларын цалин өгөхөд бэлэн байсан. Тэр энэ төрлийн хамгийн өндөр цалинтай тамирчин болох байлаа” хэмээн ярьж байв.
Түүний дурдсан хэмжээний цалин бодитоор хэрэгжсэн бол “donk” Counter-Strike төрлийн хамгийн өндөр цалинтай тоглогч болох боломжтой байжээ. Гэвч BC.Game багийн 5 сая ам.долларын санал үр дүнд хүрээгүй байна.
Албан бус мэдээллээр, Counter-Strike төрлийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын тоонд Александр “s1mple” Костылев, Матьё “ZywOo” Эрбо нар багтдаг. Тэдний сарын цалинг тус бүр 130 мянга болон 100 мянган ам.доллар гэж мэдээлжээ.
Дөрвөн настайгаасаа Counter-Strike тоглож эхэлсэн
Данил Крышковец дөрвөн настайдаа Counter-Strike тоглож эхэлсэн бөгөөд 2023 оноос Team Spirit багийн бүрэлдэхүүнд тоглож байна.
Тэрбээр 2024 оны дэлхийн шилдэг тоглогчоор тодорсон бөгөөд түүнийг багтаа элсүүлэх сонирхолтой байгууллагууд цөөнгүй байгаа аж. BC.Game Esports нь түүнийг элсүүлэхээр оролдсон багуудын нэг юм.
