Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Берлин хотын төвд байрлах “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө.
Төрийн тэргүүнийг тус цогцолборт хүрэлцэн ирэхэд ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний хошууч генерал Олаф Роодэ Хүндэт харуулын хамт угтан авсан байна.
“Нойе Вахе” цогцолбор дайн болон хэлмэгдүүлэлтийн хохирогчдын дурсгалыг мөнхөлдөг
Берлин хотын төвд орших “Нойе Вахе” нь Германы түүхэн дурсгалт байгууламжуудын нэг юм. Тус цогцолборт Германы уран барималч Кэте Коллвицийн дайнд үр хүүхдээ алдсан эхийн уй гашууг илэрхийлсэн “Хүүгээ алдсан эх” бүтээлийг байрлуулжээ.
Дурсгалын цогцолборын төвд 1969 онд мөнхийн гал асааж, үл таних цэрэг болон хорих лагерийн үл таних хоригдлын шарилыг залсан түүхтэй. Герман Улс нэгдсэний дараа уг байгууламжийг дайн, хэлмэгдүүлэлтийн улмаас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зориулалттай болгон өөрчилж, 1993 оны арваннэгдүгээр сарын 14-нд албан ёсоор нээсэн байна.
Хоёр зуу гаруй жилийн түүхтэй байгууламж
“Нойе Вахе” барилгыг Пруссийн хаан III Фридрих Вилхелмийн захиалгаар Германы архитектор Карл Фридрих Шинкелийн зураг төслийн дагуу 1816-1818 онд барьжээ.
Анх хааны харуулын байрны зориулалтаар байгуулсан уг барилгыг 1918 он хүртэл энэ чиглэлээр ашиглаж байв. Хожим тус байгууламжийг дурсгалын цогцолбор болгон өөрчилж, өнөөгийн зориулалтаар нь ашиглах болсон юм.
