“Forbes” сэтгүүлээс 2026/2027 оны улиралд хамгийн өндөр орлого олох дэлхийн 10 хөлбөмбөгчний чансааг гаргалаа. Уг жагсаалтыг гаргахдаа тамирчдын клубээсээ авдаг үндсэн цалин, урамшууллаас гадна талбайн гадуурх зар сурталчилгаа, хувийн бизнесийн орлогыг хамтатган тооцжээ. Чанарын тэргүүн эгнээнд Саудын Арабын “Аль-Наср” клубийн довтлогч Криштиану Роналду нийт 300 сая ам.долларын орлогоор итгэл төгс бичигдсэн байна.
Шилдэг гурвал: Роналду, Месси, Мбаппе
Жагсаалтыг тэргүүлэгч К.Роналдугийн энэ улирлын орлогын 250 саяыг клубээс олгох төлбөр, харин 50 сая ам.долларыг бусад үйл ажиллагааны орлого бүрдүүлж байгаа аж. Удаах байранд АНУ-ын “Интер Майами” багийн ахлагч Лионель Месси 145 сая ам.долларын (клубээс 70 сая, талбайн гаднаас 75 сая) үзүүлэлтээр оржээ. Харин Мадридын “Реал”-ын франц довтлогч Килиан Мбаппе 100 сая ам.долларын (клубээс 70 сая, бусад 30 сая) орлогоор гуравдугаар байрт жагссан байна.
Жилийн орлогоороо тэргүүлсэн бусад тоглогчид
Тэргүүлэгчдийн араас “Манчестер Сити”-гийн довтлогч Эрлинг Холанд 85 сая ам.доллар (60+25 сая), “Реал Мадрид”-ын Винисиус Жуниор 76 сая ам.доллар (48+28 сая)-ын орлогоор дөрөв болон тавдугаарт бичигдлээ. Түүнчлэн “Барселона”-гийн залуу од Ламин Ямал 55 сая ам.долларын (35+20 сая) орлогоор зургаадугаарт эрэмбэлэгдсэн бол “Аль-Наср”-ын Садио Мане 54 сая ам.доллар (50+4 сая)-аар удаалсан байна.
Шилдэг 10-ын төгсгөлийг “Реал Мадрид”-ын Жуд Беллингем 45 сая (29+16 сая), “Бавари”-гийн довтлогч Харри Кейн 42 сая (29+13 сая) болон “Трабзонспор”-ын Мохамед Салах 40 сая ам.долларын (20+20 сая) орлогоор тус тус хаалаа.
