Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлж, хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ удаагийн үзлэгт 3, 6, 11, 15 настай нийт 270 орчим мянган хүүхэд, суралцагч хамрагдах юм.
Боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтран зохион байгуулж буй үзлэгийн эхний 14 хоногийн байдлаар улсын хэмжээнд 121,744 суралцагч үзлэгийн үйл явцад хамрагдаж эхэлсэн бөгөөд 54,212 нь үзлэгээ бүрэн дуусгажээ. Энэ нь нийт хамрагдах хүүхдийн 20 орчим хувьтай тэнцэж байна.
Орон нутгийн үзүүлэлтээр Сэлэнгэ аймаг суралцагчдынхаа 42 хувийг эрт илрүүлэх үзлэгт хамруулснаар хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Харин Сүхбаатар аймгийн хамрагдалт 2.5 хувь байгаа талаар явцын мэдээлэлд дурджээ.
Шүд, нүдний өвчлөл түгээмэл илэрчээ
Эхний шатны үзлэгийн дүнгээс харахад суралцагчдын дунд шүд болон нүдний өвчлөл бусад төрлийн эрүүл мэндийн асуудлаас түгээмэл байна. Мөн жингийн илүүдэл болон бэлгийн бойжилттай холбоотой асуудалд анхаарах шаардлагатай байгааг онцолжээ.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг:
- Хэвийн
- Бага эрсдэлтэй
- Дунд эрсдэлтэй
- Өндөр эрсдэлтэй гэсэн дөрвөн түвшнээр үнэлж байна.
Дунд болон өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн суралцагчдыг давтан үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн оношилгоо, эмчилгээнд хамруулах юм.
