Францад гарсан эмх замбараагүй байдлын үеэр хулгайлсан эд зүйлсийг дээрэмчид цахим сүлжээний платформуудаар дамжуулан борлуулж эхэллээ. “Le Figaro” сонины мэдээлснээр, 10 дугаар сарын 17-ны өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаалын дараа “Vinted” цахим худалдааны платформ дээр гоо сайхны цүнх, уруулын будаг, үнийн шошготой Покемон картууд болон дэлгүүрийн хамгаалалтын лац, пайзтай хувцаснууд зарах тухай олон тооны шинэ зарууд нийтлэгджээ.
Амралтын өдрүүдэд Франц даяар 2,000 гаруй дэлгүүрийг хамарсан сүйтгэл, тонуулын дараа хулгайлагдсан олон тооны бараа бүтээгдэхүүнийг Vinted, Leboncoin, Amazon, eBay зэрэг платформууд болон нийгмийн сүлжээнд худалдаалахаар байршуулсан байна. Зарим худалдагчид эдгээр зүйлс хаанаас гаралтайг огт нуухгүйгээр “10 дугаар сарын 17-ны гоо сайхны бүтээгдэхүүн” эсвэл “10 дугаар сарын 17-ны эсэргүүцлийн үеэр хулгайлсан ноосон цамц зарна” гэх зэргээр зарлал дээрээ ил тод бичиж байгаа аж.
Францын Засгийн газар олноор тонох үеэр хулгайлагдсан эд зүйлсийг худалдах тухай заруудыг нэн даруй устгахыг цахим платформуудаас шаардсан талаар “France Info” мэдээллээ. Түүнчлэн буруутай этгээдүүдийг хариуцлагад татахын тулд төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг уриалсан байна. Энэ асуудлаар тус улсын Дотоод хэрэг болон Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй тусгай уулзалт зохион байгуулжээ. Худалдааны сайд Серж Папен ийм үйлдэл шийтгэлгүй өнгөрөхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Хуулийн дагуу хулгайн эд зүйлсийг дамлан зарах, худалдан авч нуун дарагдуулах гэмт хэрэгт нөхцөл байдлаас шалтгаалан 10 хүртэлх жилийн хорих ял оноохоос гадна 375,000-аас 750,000 еврогийн торгууль ногдуулахаар заасан байдаг аж. Эрх баригчид худалдагчдыг төдийгүй ийм төрлийн зарыг түгээхэд тусалсан хүмүүсийг ч шүүхийн хариуцлагад татах бодолтой байна.
“Vinted” платформын зүгээс уг асуудалд “үл тэвчих” зарчим баримталж байгаагаа мэдэгдсэн бөгөөд модераторууд нь амралтын өдрүүдэд сэжигтэй заруудыг илрүүлж, устгахаар ажилласан байна. Тус компани хууль сахиулах байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, зөрчил гаргагчдын хаягийг бүрмөсөн хаах хүртэлх арга хэмжээ авч байгаагаа онцоллоо.
Өмнө нь мэдээлснээр, нийтийг хамарсан үймээн самууны үеэр Парисын нэгэн музейгээс Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигийн гарын үсэгтэй тоглолтын өмсгөл болон ахлагчийн туузыг хулгайлсан хэрэг гарсан билээ.
