Шатахууны шуурхай штабаас шатахууны нийлүүлэлт, үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай улсын хэмжээнд АИ-92 автобензиний 10 хоног, АИ-95 бензиний 13 хоног, дизель түлшний 28 хоног, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байгааг мэдээлжээ.
Өвлийн дизельд шилжих үед үнэ өөрчлөгддөг
Ч.Хишигдалай аравдугаар сард зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшний нийлүүлэлтэд шилждэгтэй холбоотойгоор шатахууны үнэд тодорхой өөрчлөлт гардагийг онцолсон байна.
Тэрбээр өвлийн дизель түлшний нийлүүлэлт нэмэгдэх үед импортын өртөг өөрчлөгддөг гэж тайлбарлажээ.
Олон улсын зах зээлд дизель түлшний үнэ 20 орчим хувиар өсжээ
Монополын газрын дарга Б.Амарсанаагийн мэдээлснээр, олон улсын зах зээлд дизель түлшний тонн тутмын үнэ ойролцоогоор 20 хувиар өссөн нь дотоодын үнийн өсөлтөд нөлөөлж байгаа аж.
Тэрбээр “Дотоодын тээвэр, шилжүүлэн ачих, түгээх, борлуулах гээд аж ахуйн нэгжүүдийн зардал нэг ч төгрөгөөр өсөөгүй байна. Аль болох үнийн өсөлтийг бага байлгахаар бүх талаас нь хамтран ажиллаж байна” гэжээ.
Мөн Монополын эсрэг газраас шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавьж ажиллаж байгааг мэдээлсэн байна.
