Колумбын дуучин Шакира болон Нигерийн уран бүтээлч Burna Boy нар 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын гол уран бүтээлчдээр оролцож, тэмцээний албан ёсны сүлд дуу болох Dai Dai-г дуулжээ.
Ёслол Мехико хотын “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд дараа нь тус талбайд Мексик, Өмнөд Африкийн шигшээ багуудын нээлтийн тоглолт явагдсан байна. Уг тоглолтод зохион байгуулагч Мексик 2:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ.
Шакира, Burna Boy нар 80 мянга гаруй үзэгчийн өмнө тайзнаа гарч, нээлтийн шоуны гол хэсгийг бүтээсэн байна. Харин тоглолтын дараа Шакиратай холбоотой нэгэн богино бичлэг олон нийтийн сүлжээнд хурдан тархжээ.
Бичлэгт дуучин тайзнаас буухдаа явахыг төдийлөн хүсэхгүй байгаа мэт харагдаж, улмаар цэнгэлдэхийн нэг ажилтныг хөгжилтэй байдлаар татан авч бүжиглэж буй агшин гарсан байна. Үзэгчид энэ мөчийг алга ташин угтсан бөгөөд шүтэн бишрэгчид нь Шакираг эрч хүчтэй, гэнэтийн үйлдлээрээ шоуны уур амьсгалыг үргэлжлүүлсэн гэж үнэлжээ.
ДАШТ-ий тайзтай дахин холбогдсон нь
Нээлтийн ёслолд Шакира, Burna Boy нараас гадна хэд хэдэн алдартай уран бүтээлч оролцсон байна. Тэдний дунд Мексикийн поп-рок хамтлаг Maná, Колумбын дуучин J Balvin, Мексикийн дуучин Belinda, Венесуэлийн уран бүтээлч Danny Ocean, Мексикийн дуучин Lila Downs, Los Ángeles Azules хамтлаг болон Өмнөд Африкийн дуучин Tyla нар багтжээ.
Шакирагийн хувьд энэ нь дэлхийн аваргын тайзнаа гарч буй дөрөв дэх тохиолдол юм. Тэрээр 2006 онд Германд болсон тэмцээнд Hips Don’t Lie – Bamboo дуугаа дуулж, 2010 онд Өмнөд Африкт Waka Waka буюу тухайн ДАШТ-ий албан ёсны дууг толилуулсан. Мөн 2014 онд Бразилын ДАШТ-ий хаалтын ёслол дээр Маракана цэнгэлдэхэд La La La дуугаа дуулж байв.
Үүнээс гадна Шакира 2026 оны ДАШТ-ий финалын тоглолтын завсарлагааны шоуны үеэр дахин тайзнаа гарахаар төлөвлөгджээ. Долдугаар сарын 19-нд Нью-Жерси дэх “МетЛайф” цэнгэлдэхэд болох финалын үеэр тэрээр Мадонна болон BTS хамтлагтай хамт тоглолт хийхээр байна.
