Тайландын хаан Маха Вачиралонгкорны ууган охин, гүнж Бажракитияаба Махидол 47 насандаа таалал төгссөн байна. Тэрээр удаан хугацаанд комын байдалтай байсан бөгөөд зургадугаар сарын 11-нд Бангкок дахь эмнэлэгт нас барсан талаар Тайландын Хааны ордны хэрэг эрхлэх газар мэдэгдлээ.
Гүнж 2022 оны арванхоёрдугаар сард нохой сургах үеэрээ ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Associated Press-ийн мэдээлснээр, түүнд микоплазмын халдвар илэрч байжээ.
Хааны гэр бүл түүний эрүүл мэндийн талаар олон нийтэд ховор мэдээлэл өгдөг байсан. 2025 оны наймдугаар сард эмч нар гүнжийн цусанд ноцтой халдвар илэрсэн тул антибиотик болон даралт тогтворжуулах эмчилгээ хийж байгааг мэдэгдсэн. Тухайн үед түүний уушги, бөөр эмнэлгийн төхөөрөмж болон эмийн тусламжтай ажиллаж байсан гэж тайлбарласан байна.
Мөн тавдугаар сард Бажракитияабагийн биеийн байдал тогтворгүй, цусны даралт бага, зүрхний хэм алдагдсан, цус бүлэгнэлтийн асуудал үүссэн талаар хааны гэр бүлийнхэн мэдээлж байжээ.

Хуульч, дипломатч, боломжит залгамжлагч
Бажракитияаба Махидол 1978 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн. Тэрээр Таммасатын их сургуульд хууль судалж, дараа нь АНУ-ын Нью-Йорк мужийн Итака хот дахь Корнеллийн их сургуульд эрх зүйн магистр, докторын зэрэг хамгаалжээ.
Төгссөнийхөө дараа тэрээр Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэдэх Тайландын төлөөлөгчийн газарт ажилласан байна. Улмаар эх орондоо буцаж, улсын прокуророор ажиллажээ. Гүнж шударга ёсны тогтолцооны шинэчлэл, ялангуяа хоригдож буй эмэгтэйчүүдийг нийгэмд эргэн нэгтгэх асуудалд анхаарал хандуулдаг байв.
Түүний нас барсан нь Тайландын хаант засгийн ирээдүйн залгамжлалын асуудлыг дахин анхаарлын төвд оруулж байна. People сэтгүүлийн бичсэнээр, хаан одоогоор албан ёсны залгамжлагчаа нэрлээгүй байгаа юм. Хааны бага хүү, 21 настай ханхүү Дипангкорн Расмижоти эрэгтэй хүүхэд охидоос давуу эрхтэй уламжлалаар боломжит өв залгамжлагч гэж тооцогддог. Гэсэн ч Бажракитияаба төрийн алба, олон улсын туршлагаараа хаан ширээг залгамжлах боломжтой хүн гэж үзэгдэж байсан.
Тайландын түүхэнд эмэгтэй хүн хаан ширээнд сууж байгаагүй. Гэхдээ 1974 онд тус улс эмэгтэй хүн хаан ширээг залгамжлах боломжийг хуульчлан зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлт баталсан юм.
