Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, суманд гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Энэ үеэр салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан нийт 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн тохиолдлуудаас 4 байшин, нэг агуулахын дээвэр хууларсан байна. Улмаар тухайн орон нутгийн захиргааны байгууллагууд хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн талаар мэдээллээ.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут суманд дөрөвдүгээр сарын 18-ны 16:20 цагийн орчимд 23 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулахын 10х30 метрийн хэмжээтэй дээврийн 2х4 метрийн хэмжээтэй хэсэг хууларсан байна. Мөн тус аймгийн Бөмбөгөр суманд 22-24 м/с хүчтэй шороон шуурга болсны улмаас Хүүхдийн цэцэрлэгийн Б байрны дээвэр хууларчээ.
Үүнээс гадна Увс аймгийн Хяграс суманд Эрүүл мэндийн төвийн дээвэр салхинд өртөн хууларсан байна. Хүчтэй салхи шуурга олон барилга байгууламжид эрсдэл учруулсан ч урьдчилсан мэдээллээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол бүртгэгдээгүй аж.
- Дөрөвдүгээр сарын 17-19-нд хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурсан
- Барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
- Хүүхдийн цэцэрлэгийн болон эрүүл мэндийн төвийн дээвэр хууларсан байна
