Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүх 16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэрэгтэй холбоотой гомдлыг хоёр өдөр хэлэлцэж, өнөөдөр шийдвэрээ гаргажээ.
Хяналтын шатны шүүх өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, Э.Номин-Эрдэнэ болон Х.Энхсайхан нарыг цагаатгасан заалтыг хүчингүй болгосон байна.
Ингэснээр дээрх хоёр хүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв
Шүүх хуралдааныг даргалсан шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрийг тайлбарлахдаа:
“Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дагвадоржийн үйлдсэн онц харгис хэрцгий аргаар өөрт эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан гэм буруутай, 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардсан, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэрэг үйлдсэн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангасан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэх хэлбэрээр зүйлчилж ирүүлснийг өөрчилж, энгийн бүрэлдэхүүнтэй болгох нь зүйтэй гэж Хяналтын шатны шүүх үзлээ.
Хоёр шатны шүүх шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон. Иймд Э.Ган-Эрдэнэд холбогдох шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Харин Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял тогтоож шийдвэрлэлээ.
Цагаатгагдсан этгээд Э.Номин-Эрдэнийн тухайд прокуророос түүнийг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж зүйлчилж ирүүлснийг хоёр шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж Хяналтын шатны шүүх үзлээ. Иймд Э.Номин-Эрдэнийн гэмт үйлдэлд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд зааснаар “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” буюу эс үйлдэхүй нь тухайн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу байна. Хяналтын шатны шүүх энэ талаар нөхөн дүгнэлт хийх боломжгүй учраас Э.Номин-Эрдэнэд холбогдох тогтоолын заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Мөн Х.Энхсайханд холбогдох хэрэгт хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын болон хуульзүйн алдаатай дүгнэлт хийсэн байна. Прокуророос 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас Х.Энхсайханд холбогдох шийтгэх тогтоол болон магадлалын заалтуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох заалтыг хүчингүй болгосон тул хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авч байна” гэлээ.
Э.Номин-Эрдэнэд холбогдох асуудлыг дахин дүгнэнэ
Дээд шүүхийн тайлбараар Э.Номин-Эрдэнийг өмнөх хоёр шатны шүүх хүний амь хохироосон хэрэгт хамжигчаар оролцсон гэх прокурорын зүйлчлэлээс цагаатгасан нь хэргийн бодит нөхцөл болон хэрэглэх ёстой хуультай бүрэн нийцээгүй гэж үзжээ.
Тухайлбал түүний үйлдэл, эс үйлдэхүйд Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг өмнөх шатны шүүхүүд огт дүгнээгүй гэж Хяналтын шатны шүүх үзсэн байна.
Гэхдээ Дээд шүүх өөрөө энэ асуудлаар нөхөн дүгнэлт хийх боломжгүй тул Э.Номин-Эрдэнэд холбогдох өмнөх шийдвэрийн заалтуудыг хүчингүй болгожээ.
Х.Энхсайханд холбогдох шийдвэрт хууль хэрэглээний алдаа байсан гэж үзэв
Х.Энхсайханд холбогдох хэсгийн тухайд Хяналтын шатны шүүх өмнөх шатны шүүхүүд нотлох баримтыг үнэлэх болон хуулийг тайлбарлан хэрэглэхдээ алдаа гаргасан гэж дүгнэсэн байна.
Прокурор түүнийг 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж ялласан боловч өмнөх шатны шүүх үйл баримтыг буруу тогтоож, холбогдох хуулийг буруу тайлбарласан гэж Дээд шүүх үзжээ.
Иймээс Х.Энхсайханд холбогдох шийтгэх тогтоол болон давж заалдах шатны магадлалын холбогдох хэсгүүдийг мөн хүчингүй болгосон байна.
Харин Э.Ган-Эрдэнэд холбогдох цагаатгах шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Ингэснээр Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял хүчинтэй хэвээр үлдэж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох асуудлыг өмнөх шатны шүүхийн дүгнэлтээс өөрөөр дахин авч үзэх нөхцөл бүрдлээ.
