2023 онд гурван настай хүү нас барсан хэрэгт холбогдуулан шүүгдсэн хойд эцэг М.Э-д бүх насаар нь хорих ял, хүүхдийн эх Ц.Л-д хоёр жилийн хорих ял тус тус оноожээ.
Хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэр гаргасан байна.
Шүүхийн тогтоосноор М.Э нь бага насны хүүхэд биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон бөгөөд өөр гэмт үйлдлээ нуун далдлах зорилготой байсан гэж үзжээ.
Хүүхдийн эсрэг удаа дараагийн хүчирхийллийг шүүх тогтоожээ
Шүүхээс М.Э-г дагавар хүүгийнхээ эсрэг бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдэхээр завдсан, улмаар уг үйлдлээ нуун далдлах зорилгоор хүүхдийг зодож, амь насыг нь хохироосон гэм буруутайд тооцсон байна.
Мөн хүүхэдтэй удаа дараа хэрцгий харьцаж, бие махбод болон сэтгэл санааны шаналал учруулсан үйлдлүүдийг нь шүүх гэмт хэрэгт тооцжээ.
Хэргийн материалд дурдсанаар хүү хойд эцэгтээ зодуулж гэмтсэний дараа яаралтай эмнэлгийн тусламж аваагүй бөгөөд лам, бөөгөөр үзүүлэх зэрэг шалтгаанаар эмчилгээ хожимдсон байна.
Үүний улмаас хүүхдийн биеийн байдал улам хүндэрч, эмнэлэгт хүргэгдэх үед Монгол Улсад эмчлэх боломжгүй хэмжээнд хүрсэн байжээ.
Хүүг Турк руу эмчлүүлэхээр авч явсан ч амь насыг нь аварч чадаагүй
Олон нийтийн хандиваар хүүг эмчлүүлэх зорилгоор Турк Улс руу авч явсан боловч эмчилгээний явцад амьсгал хураасан байна.
Энэ хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон асран хамгаалагчийн хариуцлагын асуудлыг дахин хөндсөн юм.
Харин хүүгийн эх Ц.Л-г хүүхдээ асран хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас хохирсон гэж шүүх үзэж, хоёр жилийн хорих ял оноожээ.
Бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлнэ
Шүүхээс М.Э-д оноосон бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ингэснээр гурван настай хүүгийн амь насыг хохироосон хэрэгт анхан шатны шүүх ийнхүү ял шийтгэл оноолоо.
