Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан “Р.Чойном-90” судлал, шинжлэлийн улсын уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан нь Р.Чойномын намтар, уран бүтээл, нийгэм, соёл, утга зохиолд оруулсан хувь нэмрийг шинэ арга зүйгээр судлан таниулах зорилготой юм.
Зохион байгуулагчдын мэдээлснээр уралдаанаар үндэсний уран зохиолын судлал, шинжлэлийн хөгжлийг дэмжих, судалгааны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, Чойном судлалыг гүнзгийрүүлэхийг зорьж байна. Мөн яруу найрагчийн уран бүтээл дэх үнэт зүйлс, оюуны өв, нийгэм, улс төр, соёл урлагийн хүрээнд үлдээсэн нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нээн харуулахад чиглэжээ.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь Р.Чойномын намтар, эх бичиг, зохиолчийн хөдөлмөр, урлан бүтээх арга барил, туурвил зүйн онцлог зэрэг өргөн сэдвийг хамарч болох юм. Түүнчлэн уран зохиолын судлал, харьцуулсан судалгаа, уламжлал ба шинэчлэл, дүрийн сэтгэл зүй, зохиол бүтээл дэх монгол үндэсний сэтгэлгээ, нүүдэлчдийн ахуй, өв ухаан, зан заншил, соёлын илэрхийллийг судлах боломжтой байна.
Судалгааны бүтээлд хамрагдах үндсэн чиглэлүүд:
- Р.Чойномын эх бичиг, намтар судлал, зохиолчийн хөдөлмөр, урлан судлал;
- уран бүтээлд хийсэн уран зохиолын болон харьцуулсан судалгаа;
- зохиолчийн туурвил зүйн шинж, онцлог;
- монгол хэлний үгийн сан, үндэсний сэтгэлгээ, нүүдэлчдийн ахуй, соёлын дүрслэл;
- дүр судлал, дүрийн сэтгэл зүй, уран бүтээлийн үнэт зүйлс.
Уралдаанд багш, уран бүтээлч, зохиолч, утга зохиол, хэл шинжлэл, урлаг, соёл, түүх, монгол судлалын чиглэлийн судлаачид, эрдэмтэд оролцох боломжтой. Мөн урлаг соёл, утга зохиол, монгол хэл бичиг судлал, сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон ахисан түвшинд суралцаж буй оюутан, суралцагчдад нээлттэй байна.
Бүтээлийг 2026 оны аравдугаар сарын 31-ний дотор choinom_udsan@yahoo.com цахим хаягаар хүлээн авах юм байна. Уралдааны нийт шагналын сан 11 сая төгрөг бөгөөд Р.Чойномын уран бүтээлийг шинэ өнцгөөс судлах, Чойном судлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлүүдийг шалгаруулах аж.
Ийнхүү Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг зөвхөн дурсах бус, түүний бүтээл, үзэл санаа, утга зохиолын өвийг судалгааны түвшинд дахин уншиж, шинээр үнэлэх боломжийг “Р.Чойном-90” улсын уралдаан нээж байна.
