Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготой “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно. Тус арга хэмжээг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн арга хэмжээ нь монгол адуу, морьтны уламжлал, адуучдын ур чадвар, үндэсний өв соёлыг жуулчдад таниулахад чиглэж байна. Мөн морин спорт, урлагийн үзүүлбэр, гар урлалын худалдаа зэрэг олон төрлийн хөтөлбөрийг нэг дор багтаасан байна.
Арга хэмжээний үеэр зохион байгуулах онцлох хөтөлбөрүүд:
- “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн;
- “Адуун төвөргөөн” морьт жагсаал;
- “Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт;
- адуучдын ур чадварын болон эмнэг сургах тэмцээн;
- жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн, морин хуурын болон гар урлалын үзэсгэлэн худалдаа.

Монгол Улс адууны соёл, морьтны уламжлалаараа олон улсад танигдсан орны нэг. Тухайлбал, 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, “Гиннес”-т бүртгүүлж байжээ.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Энэ нь монгол адууны өв соёл, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг олон улсын түвшинд сурталчлах боломжийг нэмэгдүүлсэн үйл явдал болсон юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.
Ийнхүү “Мянган морьтон” арга хэмжээ нь зөвхөн үзүүлбэр, тэмцээн бус, монгол адууны соёл, нүүдэлчдийн өв уламжлалыг аялал жуулчлалтай холбох зорилготой арга хэмжээ болохоор байна.
