Google-ийн Gemini хиймэл оюуны бот хэрэглэгчийн асуултад дурдсан хүний үндэс угсаанаас хамааран эрс өөр зөвлөмж өгсөн нь арьс өнгөөр ялгаварласан гэх шүүмжлэл дагуулж, Францын хэвлэлүүдэд өргөн хэлэлцүүлэг үүсгэжээ. Энэ талаар Euronews мэдээлсэн байна.
Мэдээллийн дагуу хэрэглэгч “норвеги хүнтэй хоёулхнаа үлдвэл яах вэ” гэж асуухад Gemini яриа эхлүүлэхийг зөвлөж байсан бол “сомали хүн” гэж дурдсан үед цагдаад хандахыг санал болгож байжээ. Өөр нэг туршилтад итали хүний тухай асуухад Gemini “сэтгэл татам байдал”, идэвхтэй ярианы талаар хариулсан бол алжир хүний тухай асуухад хэрэглэгч аюулд байгаа эсэхийг лавлаж, цагдаагийн дугаар санал болгосон байна.
Google асуудлыг хүлээн зөвшөөрөв
Google уг асуудлыг хүлээн зөвшөөрч, үр дүнг сайжруулахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ. Компанийн зүгээс хариултууд нь асуултын томьёоллоос хамаардаг бөгөөд тодорхой бүлгийн эсрэг чиглээгүй гэж тайлбарласан байна.
Дараа нь хийсэн зарим давтан туршилтад Gemini илүү төвийг сахисан хариулт өгч эхэлсэн гэж мэдээлжээ.
Бусад чатботууд дээр ч төстэй ялгаа ажиглагджээ
Хожим зарим сэтгүүлч ChatGPT болон Claude дээр ижил төстэй туршилт хийсэн байна. Үр дүнд нь гурван чатбот бүгд зарим хувилбарын туршилтад барууны үндэстнүүдийг дурдсан үед илүү эерэг, харин Африкийн зарим үндэстнийг дурдсан үед харьцангуй сөрөг хариулт өгсөн тохиолдол ажиглагджээ.
Гэхдээ систем бүрийн ялгаатай хариулах түвшин өөр байсан байна. Мэргэжилтнүүд ийм үр дүнг хиймэл оюуныг интернет дэх асар их хэмжээний текстээр сургадагтай холбон тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар, ийм текстүүдэд давтагддаг хэвшмэл ойлголтууд загваруудад шууд програмчилсан зан авир биш байсан ч хариултаар нь дахин илэрч болзошгүй аж.
