НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар оролцож буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд зохион байгуулсан “Энх тайвны мод тарих ёслол”-д оролцож, дурсгалын мод тарьлаа.
Монгол, Солонгосын байгаль орчны хамтын ажиллагаа
Тужийн нарсны нөхөн сэргээлт нь хоёр улсын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны бодит үр дүн, амжилтын тод жишээ юм. 2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллага болон нутгийн иргэд хамтран түймэрт өртсөн ойг нөхөн сэргээж, 3,250 га талбайг ойжуулан, 11 сая гаруй нарс мод тарьж арчилж байна. Мод тарих ёслолд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хоёр улсын Засгийн газар байгаль орчныг хамгаалах, цөлжилт болон газрын доройтлыг бууруулах хүрээнд “Ногоон хэрэм” төслийг 20 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд Солонгосын төр, хувийн хэвшлийн байгууллагууд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй хамтран ажиллаж байна. БНСУ-ын хувьд өмнө нь 2011 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай юм.
