Өнөөдөр Монгол Улсын түүхэн төрийн байгууламж үүссэний 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний баяр “Наадам”-ын зохион байгуулалтын ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Үндэсний эв нэгдлийн илэрхийлэл
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлын үеэр: “Үндэсний баяр наадам бол монгол түмний төрийн үзэл, оюун санааны дархлаа, эв нэгдэл, итгэл үнэмшлийн бэлгэдэл. Иймд уламжлал, соёлын үнэ цэнийг алдагдуулахгүйгээр хадгалан хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой” гэж онцлов.
Шинэлэг технологи, үндэсний өв уламжлалыг хослуулна
Энэ жилийн баярт дрон, технологийн дэвшлийг ашиглаж, түүхэн уламжлал, угсаатны өв соёлыг харуулах олон талт хөтөлбөрийг бэлтгэж буйг зохион байгуулагчид танилцууллаа. Түүнчлэн морин уралдааны зам, наадмын талбайн тохижилт хэвийн үргэлжилж байна.
Тус жилийн онцлох үйл явдал бол Япон улсын эзэн хааны төрийн айлчлал бөгөөд энэ хүрээнд Наадмын нээлтийн ёслол, төрийн концерт, аюулгүй байдлыг өндөр түвшинд зохион байгуулах үүрэг өгчээ.
“Дэлхийн морьдын өдөр” ба үндэсний өв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн 7-р сарын 11-нийг “Дэлхийн морьдын өдөр” болгон зарласан. Энэ нь монголчуудын морин соёл, нүүдэлчдийн үнэт ёс заншлыг олон улсад сурталчлах чухал алхам болсон.
Иймд зохион байгуулагчид баярын хөтөлбөрт морин урлаг, уралдаан, үзүүлбэрийг онцгойлон багтаахыг анхааруулсан байна.
Шууд дамжуулалт ба тасалбарын мэдээлэл
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолыг 21 аймгийн төв талбайгаас шууд дамжуулах бөгөөд орон нутгийн иргэд өөрийн аймгийнхаа төвд тухлан шууд үзэх боломжтой болно.
Наадмын нээлтийн тасалбарыг www.enaadam.mn вэбсайтаар, дахин тоглолтын тасалбарыг ticket.mn-оор захиалах боломжтой.