Saltburn, Dunkirk, The Banshees of Inisherin зэрэг киногоороо танигдсан 34 настай жүжигчин Barry Keoghan гадаад төрхтэй нь холбоотой цахим шүүмжлэл, доромжлолын дараа арьс чангалах гоо сайхны процедурт 3.5 мянга гаруй ам.доллар зарцуулсан байна.
Жүжигчин өөрийн косметологичийн сошиал хуудсанд нийтэлсэн бичлэгт оролцож, хийлгэж буй арьс арчилгаа болон гоо сайхны процедурынхаа талаар ярьжээ.
Тэрээр мэс заслын бус арьс чангалах процедурын хоёр дахь удаагийн сеансдаа орсон бөгөөд энэ төрлийн арчилгаа нь зөвхөн илүү сайхан харагдахад бус, өөрийгөө илүү дээр мэдрэхэд нь тусалдаг хэмээн хэлсэн байна.

Цахим шүүмжлэлээс болж олон нийтээс зайлсхийдэг болсон
Barry Keoghan өмнө нь өгсөн ярилцлагадаа гадаад төрхтэй нь холбоотой цахим доромжлол маш хүчтэй болсон тул гэрээсээ гарахаа багасгаж, олон нийтийн арга хэмжээнээс ч зайлсхийх болсон талаар нээлттэй ярьж байжээ.
Тэр тухайн үед:
“Энэ бүхэн намайг өөрийгөө хаахад хүргэсэн. Би хүмүүсээс зайлсхийдэг болсон”
хэмээн хэлсэн байна.
Жүжигчний төрх эрс өөрчлөгдсөн гэх яриа 2026 оны эхээр хүчтэй тархаж эхэлжээ. Лондоны загварын долоо хоногийн үеэр Burberry-ийн шоунд оролцсоны дараа түүний эрүү өмнөхөөсөө илүү хурц, шанаа нь тод, уруул нь илүү дүүрэн болсон гэж хүмүүс анзаарсан байна.
Үүнтэй зэрэгцэн зарим хэрэглэгч Barry Keoghan-ийг гоо сайхны хэт олон процедур хийлгэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж, түүний төрхийг цахим орчинд эрчимтэй хэлэлцсэн юм.
Sabrina Carpenter-тай салсны дараа шүүмжлэл дахин нэмэгджээ
Barry Keoghan болон дуучин Sabrina Carpenter нарын харилцаа дууссаны дараа жүжигчнийг чиглэсэн цахим шүүмжлэл улам нэмэгдсэн байна.
Тухайн үед түүнийг үнэнч бус байсан гэх цуурхал тархсаны дараа Sabrina Carpenter-ийн зарим фэн Barry Keoghan-ийн гадаад төрхийг доромжилсон сэтгэгдэл олноор бичжээ.
Жүжигчин өмнө нь ийм төрлийн халдлага түүний сэтгэл санаанд нөлөөлж байгааг ярьж байсан бөгөөд энэ удаа өөрийн гадаад төрхөд анхаарч, мэс заслын бус арьс чангалах процедурыг сонгосон байна.
Одоогоор Barry Keoghan хоёр дахь удаагийн арьс чангалах эмчилгээндээ орсон бөгөөд нийтдээ 3.5 мянга гаруй ам.долларын зардал гаргажээ.
Түүний хэлснээр эдгээр процедур нь зөвхөн гадаад төрхийг өөрчлөхөөс гадна өөртөө итгэх мэдрэмж болон сэтгэл санаанд нь эерэг нөлөө үзүүлдэг аж.
