НүүрУлс төрМонголд харвалт залуужиж байна: Агаарын бохирдол эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй

Монголд харвалт залуужиж байна: Агаарын бохирдол эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй

Жил бүрийн аравдугаар сарын 29-нийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улс энэ өдрийг 2009 оноос хойш тэмдэглэж, тархины цус харвалтын хор уршиг, шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсээр иржээ.

Дэлхий даяар жил бүр 12-13 сая хүн тархины цус харвалтад өртдөг гэсэн тооцоо байдаг. Тэдний ойролцоогоор гуравны нэг нь нас барж, 4.5 сая орчим хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог байна.

Монголд харвалтын дундаж нас 59 байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан тархины цус харвалт нь зөвхөн өндөр настнуудад тохиолддог өвчин биш гэдгийг анхааруулжээ.

Тэрбээр:

“Тархины цус харвалт өвчнөөр өвдсөн тохиолдолд бүрэн эдгэрэх магадлал маш бага. Нас барах өндөр эрсдэлтэй. Тухайлбал, гэр бүлийн нэг иргэн тархины цус харвалтаар өвдөхөд дахин нэг хүн асрах шаардлага үүсдэг. Учир нь энэхүү өвчнөөр өвдсөн хүн бүрэн асаргаанд орж, ариун цэврийн өрөө ч орох боломжгүй болж хэвтэрт ордог. Тиймээс гэр бүлийн эдийн засагт хүнд байдал үүсгэдэг. Тархины харвалт Монголд Улсад 100 мянган хүнд 200 тохиолдол бүртгэгдэж байна. Харваж байгаа дундаж нас дэлхий дахинаас 10 насаар бага буюу 59 насандаа цус харваж байгааг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, харвалт зөвхөн өндөр настанд тохиолддог өвчин биш. Жишээлбэл,

Монголд 60 нас хүрээгүй аав нь харваж нас барсны дараа удаа ч үгүй 30 гаруйхан настай хүү нь тархины харвалтаар эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарсан.

Тиймээс иргэд энэ өвчний талаар мэдээлэлтэй байх нь чухал. Ялангуяа ойр орчимд нь хэн нэгэн тархины цус харвалт өглөө гэхэд нөхцөл байдлыг таниад яаралтай түргэн тусламж дуудаж, шинж тэмдгийг мэдээлэх мэдлэгтэй байх хэрэгтэй”

гэлээ.

Энэ үзүүлэлтээс харахад Монголд тархины харвалт харьцангуй залуу насанд тохиолдож байгаа нь анхаарал татаж байна.

Хүйтний улиралд тохиолдол нэмэгддэг

2019-2021 онд Улаанбаатар хотын хүн амын дунд хийсэн судалгаагаар хүйтний улиралд тархины харвалтын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагджээ.

Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч Б.Чимэглхам агаарын бохирдол нь харвалтын эрсдэлтэй холбоотой байж болох талаар тайлбарласан байна.

Тэрбээр:

“-Өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгддэг бөгөөд энэ нь тархины харвалтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болохыг олон улсын судалгаагаар тогтоосон. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр цусны даралтаа хэмжих, эмчийн зааврын дагуу даралтын эмээ тогтмол уух, амралтын өдрүүдээр цэвэр агаарт гарах нь чухал. Хүн бүр өөрийн эрүүл мэндэд анхаарч, даралтаа хянаж, эмчилгээний дэглэмээ баримтлах хэрэгтэй. Үүнээс гадна тархины харвалтын шинж тэмдгийг таних, анхны тусламжийг цаг алдалгүй авах мэдлэгийг олон нийтэд түгээх шаардлагатай. Үүнийг дунд ангиас эхлэн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үр дүнтэй тусгах нь зүйтэй.”

гэжээ.

Агаарын бохирдол нь харвалтын цорын ганц шалтгаан гэж үзэх боломжгүй ч цусны даралт, зүрх судасны өвчин, амьдралын хэв маяг зэрэг бусад хүчин зүйлтэй хавсран эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг судалгаанууд харуулдаг.

Даралтаа тогтмол хянах нь чухал

Мэргэжилтнүүд тархины харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд цусны даралтаа тогтмол хэмжих, эмчийн зааврын дагуу эмээ таслахгүй хэрэглэх, эрүүл амьдралын хэв маяг баримтлахыг зөвлөж байна.

Мөн харвалтын шинж тэмдгийг эрт таних нь маш чухал. Хүний нүүр мурийх, гар хөл гэнэт сулрах, хэл яриа ээдрэх зэрэг шинж илэрвэл цаг алдалгүй түргэн тусламж дуудах шаардлагатай.

Эрт тусламж авах хугацаа нь эмчилгээний үр дүн болон цаашдын хүндрэлд шууд нөлөөлдөг тул олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь харвалтын хор уршгийг бууруулах гол арга замуудын нэг хэвээр байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд