Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчих боломжтой болжээ. Энэхүү зохицуулалтыг аравдугаар сарын 26-наас хэрэгжүүлж эхэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон Дархан-Уул аймгийн хүүхдүүдийн нэгдсэн чуулганы үеэр сурагчид өөрсдөд тулгарч буй асуудлуудаа аймгийн удирдлагуудад танилцуулжээ. Тэдний тавьсан санал, хүсэлтийн нэг нь сурагчдын нийтийн тээврийн зардлыг бууруулах асуудал байсан бөгөөд орон нутгийн удирдлагууд шийдвэрлэх ажлыг эхлүүлсэн байна.
Шатахууны хомсдолоос болж таксины үнэ өсжээ
Дарханд суудлын автомашинаар нэг зорчигч тээвэрлэх үнэ өмнө нь 1500 төгрөг байсан бол нийтийн тээврийн автобусанд насанд хүрэгчид 500, хүүхдүүд 300 төгрөг төлдөг байжээ.
Харин шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор суудлын автомашинууд зорчих төлбөрөө 2500 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна хойд тосгон чиглэлд суудлын автомашины үйлчилгээ явахаа больсон нь сурагчдын зорчих нөхцөлийг хүндрүүлжээ.
Иймээс хүүхдүүдийн чуулганы үеэр нийтийн тээврээр сурагчдыг төлбөргүй зорчуулах хүсэлтийг аймгийн удирдлагуудад уламжилсан байна.
Дархан-Уул аймгийн удирдлагууд уг асуудлыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Элит хөгжил” компанид тавьснаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аравдугаар сарын 26-наас автобусаар үнэ төлбөргүй тээвэрлэх зохицуулалт хэрэгжиж эхэлжээ.
“Элит хөгжил” компани энэхүү үйлчилгээг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр сурагчдын өдөр тутмын зорчих зардлыг бууруулж, сургуульдаа ирж очих нөхцөлийг хөнгөвчлөх боломж бүрдэж байна.
