Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багт өвөлжөөндөө байсан малчны гэрийг баавгай сүйтгэж, тухайн айл гэр оронгүй болжээ. Баавгай дахин ирж болзошгүй гэх болгоомжлолын улмаас гэр бүлийнхэн өвөлжөөндөө буцаж суурьшихаас ч эмээж байгаа аж.
Иргэний мэдээлснээр тэрбээр 2026 оны аравдугаар сарын 19-нд ажлаар Улаанбаатар хотыг зорьжээ. Харин аравдугаар сарын 21-ний 14:00 цагийн үед өвөлжөөнд үлдээсэн гэрийг нь баавгай сүйтгэсэн болохыг мэдсэн байна.
Энэ талаар Онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдсэн бөгөөд алба хаагчид газар дээр нь очиж нөхцөл байдлыг шалгажээ. Тэд гэрт халдсан амьтныг жижиг баавгай байсан гэх тайлбар өгөөд буцсан гэж иргэн мэдээлсэн байна.
Гэвч мөн өдрийн 18:00 цагийн орчимд Хэнтий аймагт байсан түүний дүү нар өвөлжөөнд очиход сүйдсэн гэрийн үүдэнд том баавгай хэвтэж байжээ.
Дахин мэдэгдсэн ч арга хэмжээ авахад хүндрэлтэй байжээ
Том баавгай гэрийнх нь ойролцоо байгааг харсан гэр бүлийнхэн холбогдох байгууллагад дахин мэдээлсэн ч шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаа талаар гомдол гаргасан байна.
Иргэний ярьснаар баавгайг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хүн агнах боломжтой гэсэн тайлбар авчээ.
Тэрбээр Хэнтий аймагт ийм зөвшөөрөлтэй гурван хүн байдаг гэх мэдээлэл авсан ч тэднийг газар дээр нь очуулж чадахгүй байгаа талаар мөн дурдсан байна.
Харин нутгийн иргэд өөрсдөө баавгайг буудсан тохиолдолд торгууль, эрүүгийн болон бусад хариуцлага хүлээх эрсдэлтэйг холбогдох хүмүүс тайлбарласан гэжээ.
Ингэснээр гэр бүл өөрсдөө арга хэмжээ авах боломжгүй, нөгөө талаар баавгай дахин халдах эрсдэл хэвээр байгаа нөхцөлд үлдсэн байна.
1.2 сая төгрөгийн нөхөн олговор шинэ гэр авахад хүрэлцэхгүй гэжээ
Баавгайн халдлагад гэр орон нь сүйдсэн тохиолдолд 1.2 сая төгрөгийн нөхөн олговор олгодог гэх мэдээллийг тухайн иргэн авсан байна.
Гэвч энэ хэмжээний мөнгөөр шинэ гэр худалдаж авах боломжгүй гэж тэрбээр ярьжээ.
Тухайн иргэн нөхцөл байдлынхаа талаар:
“Эд хөрөнгө яах вэ, амьд мэнд үлдсэн нь л болж. Гэтэл дахин дайрах эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Өөрсдөө ч арга хэмжээ авч болохгүй, холбогдох байгууллагаас ч тусламж авч чадахгүй байгаад гомдолтой байна. Аравдугаар сарын 22-нд гадаа цас орж байхад гэр оронгүй болсон бид яах вэ. Гэрээ дахин барихаас ч айж байна”
хэмээн ярьсан байна.
Баавгай дахин тухайн өвөлжөөнд ирэх эрсдэл байгаа эсэх, амьтныг аюулгүй бүс рүү шилжүүлэх эсвэл өөр арга хэмжээ авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Харин гэр орноо алдсан малчны гэр бүлийн хувьд хүйтний улирал эхэлсэн үед аюулгүй байрлах газар, сүйдсэн эд хөрөнгийн нөхөн төлбөр болон зэрлэг амьтны дахин халдлагаас хамгаалах бодит шийдэл шаардлагатай нөхцөл үүсээд байна.
