Мянга мянган сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутан, багш нар боловсролын санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардан Афин хотноо жагсаалд оролцлоо.
Цагдаагийн байгууллагын тооцоогоор, хотын төвд байрлах Афины үндэсний их сургуулийн захиргааны байрны өмнөх талбайд 2,500 орчим хүн цугларсан гэсэн бол “Skai” телевизийн эш татсан хөндлөнгийн тооцооллоор үүнээс хоёр дахин олон жагсагч ирсэн байна. Оюутны холбоодын төлөөлөгчид үг хэлэхдээ улсын ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад яаралтай нэмэлт төсөв хуваарилах, багш нарын орон тоог нэмэх, мөн хэт өндөр үнэтэй болоод буй оюутны орон сууцны түрээсийн татаас олгохыг эрх баригчдаас шаардлаа. Жагсагчид “Грек болон Францад улсын бөгөөд үнэ төлбөргүй боловсролын төлөөх тэмцэл өрнөж байна!”, “Эрүүл мэнд бол нийтийн баялаг, бид амьдрал болон нэр төрийн төлөө тэмцэж байна!”, “Боловсролд яаралтай санхүүгийн дэмжлэг үзүүлж, оюутнуудын орон сууцны түрээсийн зардлыг бууруул!” гэсэн бичиг бүхий лоозон барьсан байв.
Жагсаал тайван өрнөж байгаа хэдий ч өмнөх жилүүдэд эмх замбараагүй байдлын үеэр сүйтгэлд өртөж байсан төв гудамжны банкууд болон загварын дэлгүүрүүд цонх, витринийхээ төмөр хаалтыг буулгажээ. Цагдаагийн шаардлагаар Афин хотод жагсаал болж буй газрын ойролцоох “Панепистимио” (“Их сургууль”) метроны өртөөгөөр зорчигч орох, гарах хөдөлгөөнийг хааж, галт тэрэгнүүд зогсолтгүй өнгөрч байна. Түүнчлэн Салоники хотод жагсаалтай холбогдуулан цагдаа нар урьдчилан сэргийлэх үүднээс метроны таван өртөөг хаах шийдвэр гаргажээ.
Зөвхөн Афин хотын гудамжинд 3,000 цагдаагийн алба хаагч хэв журам сахиулан ажиллаж байна. “Skai” телевизийн мэдээлснээр, нийслэлд урьдчилан сэргийлэх зорилгоор 12 хүнийг, Салоники хотод 10 хүнийг саатуулжээ. Нийтдээ оюутны эсэргүүцлийн жагсаал, цуглаан тус улсын 50 хотод өрнөж байна.
